Хөгжлийн банкнаас 47 тэрбумын зээл авсан Х.Бат-Эрдэнийг саатуулжээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ. АТГ-аас Х.Бат-Эрдэнийг “Монгол драй милк” компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
“Монгол драй милк” компанийн 70 хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг байсан бөгөөд зээл авах үедээ төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн байна. Харин Х.Батбаасангийн зүгээс Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг аж.
“Монгол драй милк” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 12-нд үүсэн байгуулагдаж, Х.Бат-Эрдэнэ, Цоодолын Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувийг тус тус эзэмшиж байжээ. Тус компани нь хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулж малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү үйлдвэрлэх төсөл бичиж Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан ч одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. Дөнгөж байгуулагдсан компанид их хэмжээний санхүүжилт олгосон нь улстөрийн нөлөөлөл орсон байж болзошгүй гэх шалтгаанаар ийнхүү шалгаж байгаа аж.
Шүүхийн захирамжид дурдсанаар түүнд авсан таслан сэргийлэх, цагдан хорих хугацаа нэг сар үргэлжлэх ажээ.
Х.Онон
URL: