Хоёр сар дараалан өссөн алтны ханш хямдарлаа

ec3cc4_gold_x974

Голлох валютуудтай харьцах ам.долларын ханш өссөн бол үүнтэй урвуу хамааралтай алтны үнэ өчигдөр хямдарсан тухай “Reuters” мэдээлэв. Тодруулбал, ам.долларын индекс сүүлийн нэг долоо хоногийнхоо дээд түвшинд хүрсний дараа уг таваарын спот ханш 0.5 хувиар хямдарснаар унци нь 2018 ам.доллартой тэнцжээ. Өнгөрсөн долоо хоногт дээрх тоо хамгийн өндөртөө 2072.5 “ногоон” болсонтой харьцуулахад ийнхүү гурав орчим хувиар хямдраад байна. Мөн фьючерс ханш нь 0.6 хувиар буурч, унци нь 2026.9 ам.доллартой дүйв.

“Сүүлийн гурван долоо хоногт бараг 15 хувиар өссөн алтны үнэд ам.долларын ханш голлон нөлөөлж байна. Цаашид АНУ, БНХАУ-ын харилцаа хэрхэх нь нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн “DailyFx”-ийн стратегич Маргарет Ян өгүүлжээ. Тэгвэл “Reuters” агентлагийн шинжээч Ван Таогийн үзэж буйгаар шар металлын ханш ойрын хугацаанд хямдарлаа гэхэд унци нь 2000 ам.доллароос буурахгүй аж. Сонирхуулахад, сүүлийн есөн долоо хоног дараалан энэхүү үнэт металлын ханш өссөн нь 2006 оноос хойших хамгийн урт хугацаанд тооцогдсон юм.


URL: