Түүхэн дэх хамгийн аймшигтай /цөмийн бус/ 5 дэлбэрэлт
Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтэд өртөн 150 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүн орох оронгүй боллоо. Дэлбэрэлтийн цар хүрээ, учруулсан хохирол нь дэлхийн олон нийтийг цочроож, атомын бөмбөг дэлбэрсэн байж магадгүй гэх цуу яриа хүртэл дэгджээ. Гэнэтийн их гай зовлонг даван туулахад нь Ливаны ард түмэнд дэлхий даяараа тусалсаар байна. Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчдын үзэж байгаагаар, ажил хариуцсан хүмүүсийн цалгар назгай, хайнга хандлага нь ийм эмгэнэлт явдалд хүргэж, Ливаны нийслэл хотыг эвдлэн нураалаа.
Геополитикийн шалтгаанаар бүхэл бүтэн хороолол, хот сууриныг дэлбэлэн устгаж байсан тохиолдлууд түүхэнд бий. Гэтэл хүмүүсийн алдаа, аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэн Бейрутынхтай адил эмгэнэлт явдал сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд хэдэнтээ тохиож байжээ. Гай газар дороос гэгчээр урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал болон тамхиныхаа ишийг санаандгүй хаясан, хөлөг онгоцны дарга алдаа хийсэн гэх мэтээс үүдэн дэлбэрэх бодистой холбоотой осол сүйрэл түүхэнд олонтоо гарч байв. Тэдгээрээс хамгийн их гарз хохирол, үхэл хагацал дагуулсан 5 дэлбэрэлтийн талаар ВВС агентлагийн нийтлэлд өгүүлжээ.
Эдгээр дэлбэрэлтийг тухайн үедээ цэрэг дайны ажиллагаатай холбон тайлбарлаж, цуу яриа дэгдээж байсан нь улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж байлаа.
Галифакс хотод хөлөг онгоцууд мөргөлдсөн нь -1917 он
1917 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Канадын Шинэ Шотланд мужийн Галифакс хотын боомтод гадаадын хоёр хөлөг онгоц өөд өөдөөсөө ирж явлаа. Нэг нь Нью-Йоркоос Бордо хот руу явж буй тэсрэх бодис ачсан Францын цэргийн тээврийн “Монблан” хөлөг онгоц, нөгөөх нь Бельги рүү хүнсний бараа тээвэрлэж буй Норвегийн “Имо” уурын усан онгоц байв.
“Монблан” боомт руу нэвтрэх гэж байсан бол хурд нэлээд хэтрүүлсэн “Имо” боомтоос гарч явжээ. Хоёр хөлгийн багийнхан бие биенийгээ зам тавьж өгнө гэж тооцоолсон учраас хөлөг онгоцууд хоорондоо хэт ойртов. Эхний удаад мөргөлдөхөөс зайлсхийж чадсан боловч удалгүй “Имо” Францын хөлөг онгоцыг мөргөсний улмаас бензол гэдэг шингэн бодис савнаасаа асгарчээ.
Мөргөлдсөн хоёр усан онгоц холдон салах мөчид оч үсэрч, улмаар бензолын уурнаас гал авалцан, түймэр дэгдсэний дараа асар хүчтэй дэлбэрэлт боллоо. Хотын хойд хэсэг нуранги болон хувирав. 2 мянга орчим хүн, тэдний дотор сургууль дотроо хичээллэж байсан хэдэн зуун хүүхэд амиа алджээ. Нийтдээ 10 мянга орчим амь үрэгдэж, шархадсан байна. Хагарсан шилний үйрмэгүүд 600 орчим хүний нүдийг гэмтээж, цонхоор харж байсан олон хүний нүд сохорчээ.
Канадын түүхч Жек Уайт дорх 5 үзүүлэлтэд үндэслэн дүгнэлт хийхдээ ”Галифаксийн эмгэнэлт явдал бол цөмийн зэвсгийг зохион бүтээхээс өмнө хүн төрөлхтөний түүхэнд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлт байсан”-ыг тогтоожээ. Үүнд: амиа алдсан хүмүүсийн тоо, дэлбэрэлтийн хүч, дэлбэрэлтэд өртсөн газрын радиус, тэсрэх бодисын хэмжээ ба устаж сүйрсэн эд хөрөнгийн нийт мөнгөн үнэлгээ зэрэгт тулгуурлан дээрх дүгнэлтийг хийсэн байна.
Дэлбэрэлт болсны дараа “германчууд хотыг бөмбөгдсөн, Германы тагнуулчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” гэх цуу яриа Галифакс даяар тархав. Эмнэлэгт байсан Норвегийн хөлөг онгоцны залуурчийг тэр даруй баривчилж, түүнд герман хэлээр бичсэн захидал байсныг хураан авсан гэдэг.
Шүүх хэргийг удтал хэлэлцсэний эцэст хоёр хөлгийн багийнхан хоёулаа адилхан гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан байна.
Оппау хотын химийн үйлдвэрт болсон дэлбэрэлт -1921 он
1921 он гэхэд Германы Оппау хот дахь BASF концернийн химийн үйлдвэр нь тэсрэх бодис, хорт хий ба бордоо /сульфат ба аммонийн нитратын хольц/ үйлдвэрлэлийн төв болоод байлаа. Аммонийн нитратыг өөрөөр аммиакийн селитр гэж нэрлэдэг бөгөөд энэ бол Бейрутад дэлбэрсэн бодис юм.
Шавар олборлох газарт /карьер/ нөөцлөн хадгалж байсан бордоо удалгүй хатуурсан учраас тийш нь ажилчдыг оруулах нь маш аюултай байлаа. Хэдийгээр селитр бол аюултай бодис гэдгийг мэдэж байсан боловч багахан хэмжээний дэлбэрэлтүүд хийх замаар түүнийг карьераас гаргаж авахаар оролджээ.
1921 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тэсэлгээний ажил явуулах үеэр карьерт хадгалагдаж байсан 4,5 мянган тонн сульфат ба аммонийн нитратын хольц болох бордоо дэлбэрсэн байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хадгалагдаж байсан нийт нөөцийн 10 орчим хувь нь дэлбэрсэн аж.
Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас 500-600 хүн амиа алдаж, 2 мянга орчим хүн шархдаж, ажилчдын хотхоны ¾ нь газрын хөрснөөс арчигдан сүйрчээ. Дэлбэрэлт болсон газраас хэдэн арван км-ийн алсад орших суурин газруудын байшин барилга нэлээд эвдэрч сүйдсэн байна.
“Бадише” завод байсан газарт үүссэн юүлүүртэй төстэй нүхэн дотроос шархадсан хүмүүсийн ёолон гаслах дуу дэлбэрэлтээс хойш 36 цагийн турш сонсогдсоор байсан” гэж сүйрэл болсноос хойш хэд хоногийн дараа “Нью-Йорк таймс” сонинд бичиж байв.
Түүнээс хойш Оппау хотод бага хэмжээний дэлбэрэлтүүд бараг 20 мянган удаа болсон гэдэг. Сүйрэлд хүргэсэн хүчин зүйлүүдийн дотор маш халуун зун болсон, бордоог хадгалах ба ашиглахдаа алдаа гаргасан, аммиакийн селитр нь тэсрэх аюултай гэдгийг дутуу тооцоолсон гэх зэрэг шалтгаануудыг дурджээ.
Порт-Чикагод болсон дэлбэрэлт – 1944 он
Дэлхийн II дайн ид өрнөж байсан 1944 оны 7 дугаар сарын 17-ны орой Калифорни муж улсын Порт-Чикаго гэдэг боомт хотод усан цэргүүд 10 килотонн сум хэрэгсэл, тэсрэх бодис, бөмбөгийг Америкийн Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөг онгоцонд ачиж байлаа.
Гэнэт хоёр усан онгоцны нэгэн дээр төсөөлөхийн аргагүй их хүчтэй дэлбэрэлт /Бейрутынхаас илүү хүчтэй/ болжээ. Үүний улмаас хоёр хөлөг дээр байсан 320 усан цэрэг бүгдээрээ амь үрэгдэж, Порт-Чикаго бараг бүхэлдээ нуран сүйдсэн байна. Амиа алдсан усан цэргүүдийн цогцос дэлбэрэлтийн төвөөс хэдэн бээрийн хол зайд шидэгджээ.
“Бүх байшин барилга танигдахын аргагүй эвдэрч сүйдэн, цонхны шилнүүд нь тэр аяараа хагарчээ. Нөхцөл байдлын талаарх мэдээг би хотын агуулахад ганцхан ширхэг үлдсэн бичгийн машин дээр бичиж байна” гэж San-Francisco Chronicle сонины сурвалжлагч бүсгүй сүйрэл болсон газраас мэдээлж байжээ.
Боомтын үйл ажиллагаа 8 дугаар сарын эхээр сэргэлээ. Гэвч дахин дэлбэрэлт болохоос болгоомжилсон хар арьст 258 усан цэрэг сум хэрэгслийг хөлөг онгоцонд ачихаас татгалзжээ. Энэ эсэргүүцлийн ажиллагааг түүхэнд “Порт-Чикагогийн үймээн” гэж нэрлэдэг.
Флотын командлал усан цэргүүдийн эл үйлдлийг “тушаал биелүүлээгүй” гэж буруутгасны дараа 208 усан цэрэг аюултай бодисуудыг ачиж эхэлсэн байна. Харин үлдсэн 50 нь ажиллахаас татгалзсаны учир цэргийн шүүхээр орсон аж.
Тэдэнд 8-15 жилийн хугацаагаар цөллөгт явуулах ял оноосон бол хоёр жилийн дараа ялын хугацааг богиносгосон төдийгүй удалгүй ихэнх усан цэргүүд суллагджээ. 1999 онд Ерөнхийлөгч Б.Клинтон тухайн үед 50 цэргээс амьд сэрүүн байсан сүүлчийн цэрэгт албан ёсоор өршөөл үзүүлсэн байна.
Харин дэлбэрэлтийн шалтгааныг өнөөг хүртэл тогтоож чадаагүй юм.
Тексас-ситид гарсан техногенийн сүйрэл – 1947 он
Бордоотой холбоотой хамгийн аймшигт дэлбэрэлтүүдийн нэг бол Тексас-сити хотын боомтод гарсан эмгэнэлт явдал юм. Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн ихээр үхэл хагацал дагуулсан техногенийн сүйрэл гэж үздэг.
1947 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Францын “Гранкан” хөлөг онгоцонд бордоо ачиж байх үед гал гарчээ. Түймэр гарах үед хөлөг онгоцонд 2 мянга гаруй тонн аммиакийн селитр гэдэг бодисыг аль хэдийнэ аччихсан байв.
“Гранкан”-д гарсан дэлбэрэлтийн долгион ойролцоо зогсож байсан хөлөг онгоцууд дээр детонаци үүсгэн, улмаар эрэг дээрх нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарчээ. Францын хөлөг онгоцны 1,5 тонн жинтэй зангуу дэлбэрэлтийн төвөөс 3 км-ийн хол зайд шидэгдсэн байв.
Дэлбэрэлтийн улмаас 580 гаруй хүн амиа алдсаны дотор 27 гал сөнөөгч, 3 сайн дурын ажилтан байсан бол 3,5 мянга гаруй хүн гэмтэж бэртэж, шархаджээ. Дэлбэрэлтийн үеэр үүссэн үүлийг харсан зарим хүмүүс “ЗХУ цөмийн довтолгоо хийлээ” гэж айж байсан гэдэг.
Хожим мөрдөн шалгалтын явцад, түймэр дэгдэх шалтгаан нь дутуу унтраасан тамхи байж болзошгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Түүнчлэн бордоог хадгалах явцад аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн, “Гранкан” хөлөг онгоцон дээр дэгдсэн түймрийг унтраахдаа ноцтой алдаа гаргасан зэрэг нь осол сүйрэлд хүргэсэн хүчин зүйлүүд юм. Техногенийн сүйрэлд хохирсон иргэд АНУ-ын түүхэнд анх удаа Холбооны засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй боловч хохирогчдод нөхөн төлбөр олгох тухай хуулийг Конгресс баталжээ.
Тянжиний дэлбэрэлт – 2015 он
Хятадын Тянжин хотын боомтод болсон дэлбэрэлт нь хүчний хувьд дээр дурдсан дэлбэрэлтүүдийнхээс бага. Гэхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисоос үүдэлтэй сүйрлүүдийн дотроос хамгийн ихээр үхэл дагуулсан осол юм.
2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хагас минутын зайтайгаар хоёр хүчтэй дэлбэрэлт боллоо. Хотын боомтод хураалттай байсан чингэлгүүд наранд хэт халсны улмаас гал гарч, улмаар агуулахад байсан аммиакийн селитр болон бусад химийн бодисууд дэлбэрчээ.
Дэлбэрэлтийн улмаас 173 хүн амиа алдсаны дотор 104 гал сөнөөгч, 11 цагдаагийн ажилтан байв. Мөн агуулахын ойролцоох орон сууцанд амьдардаг 798 хүн шархдаж, гэмтэж бэртжээ. 12 мянга гаруй автомашин дэлбэрэлтийн долгион болон галд өртөн устсан байна.
2016 онд Тянжин хотын шүүх шатсан агуулахуудыг эзэмшиж байсан тээвэр зуучлалын компанийн захиралд цаазаар авах ял оноож, ялын гүйцэтгэлийг 2 жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Түүнийг хахууль өгөх замаар тэсрэмтгий бодисуудыг боомтын агуулахад хууль бусаар хадгалсан гэж буруутгажээ.
Түүнчлэн 48 албан тушаалтан болон хувийн компанийн ажилтнуудад хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэрэгт холбогдуулан ял оноосон байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС
URL: