УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “урт гар”

5f2760ef53a07

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын урт гар түүнийг төрд зайдалсан бизнесмэн гэхэд хүргэж байна. Учир нь, түүнийг анх “Оргил”-ын гэдэг байсан бол одоо УИХ-ын гишүүн гэх болсон. Түүгээр ч зогсохгүй Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”-д “Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ.” хэмээн гардаг шиг “Оргил” худалдааны төвийн өргөжсөн, Баянгол дүүргийн хөгжлийн гацалт хоёрыг харьцуулан харвал Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон нь бизнест нь хэр нэмэр болсныг илтгэнэ.

Түүнийг ганц “Оргил” Худалдааны эзэн мэтээр ойлгох нь өрөөсгөл. Ж.Ганбаатарын эзэмшилд олон компани бий. 

Мань хүний “Камдер” ХХК “Автобус III”-ын газар болон бусад обьектийг хэрхэн авсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгуулийн дуулианыг далимдуулан нийслэлийн “А” зэрэглэлд орших 8 объектыг өөрийн болгож амжсан байдаг.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ буюу олны нэрлэж заншснаар  “Автобус-3”-ын нийт 8 барилга объектыг худалдан авчээ.Үүнийг хэн ч анзаарсангүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “Өмч хувьчлал 2020” дуудлага худалдааг 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг хувьчилсан байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас дуудлага худалдаанд 3 аж ахуйн нэгж оролцсон гэх боловч үнэ хэрэгтээ 2 компани оролцож, дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөс дуудаж Ж.Ганбаатарын “Камдер” ХХК 20.0 тэрбум төгрөгөөр авчээ.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжуудыг дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулах шийдвэрийг анх Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Анх 2015 онд зарахаар төлөвлөсөн боловч автобуснуудаа байлгах газаргүй, газрын маргаан гэх зэрэг олон асуудлаар өнөөг хүрсэн байдаг. Контор /3 давхар/-ын барилга, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 9639м2 талбай бүхий 8 барилга байгууламжтай, 25.000 м.кв эзэмшил газартай Улаанбаатар хотын “А” бүсэд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай уг газрын нээлттэй дуудлага худалдааны доод үнийг тухайн үед 26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөөр үнэлж байж.

Гэвч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу сонгууль дуусахаас 20 хоногийн өмнө тухайн газрын үнийг 15.8 тэрбум төгрөг болгон бууруулж, дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Ийнхүү эрхэм гишүүн Ж.Ганбаатар жил ирэх тусам өссөөр байгаа газрын үнийг буулган, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэн ашигтай байрлал бүхий 8 объектыг өөрийн болгож чадсан байна. Эдгээр объект огт үнэгүй дагалдаж байгаа хэрэг үү.Тухайн газрын үнэ өсөх ёстой атал харин ч эсрэгээрээ доод үнээс нь буулгаж, бүхэлд нь 20.0 тэрбум төгрөгөөр “Камдер” ХХК авсан нь хардлага дагуулахгүй гэж үү.

Гэтэл өдгөө “Камдер” компани нь НОСК-ийн түрээсийн байрны сонголтод орохоор жагсаалтад багтжээ. Тодруулбал, Төрийн үйлчилгээний болон Төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоолын дагуу Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид батламжаа гардан авч материалаа бүрдүүлээд байгаа. Тэднийг НОСК-ийн мэдээллийн сан дахь орон сууцнаас сонголтоо хийхийг санал болгожээ. Тэрхүү жагсаалтад 1.890.000-1.990.000 төгрөгөөр үнэлэгдэх 2-3 өрөө 38 орон сууцных нь мэдээлэл байгаа юм. НОСК-ийн захирал Б.Сүхбаатарын хэлж буйгаар “Бид иргэдийг заавал энэ орон сууцнаас сонго гэж нөлөөлдөггүй. Төрийн албан хаагчийн өөрсдийн сонголт” гэдэг тайлбарыг өгч байгаа юм.

Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд зарагдаагүй үлдсэн байрнуудаа борлуулах арга олсон нь Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол байсан бололтой. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хүнийг төрд шургуулахад өөрийнх нь хөрөнгө л өсөөд байдгаас тойрогтоо томоохон төсөв хуваарилуулж, иргэдэд ээлтэй хууль санаачилж байсан нь өнөөг хүртэл үгүй. Энэ л жишгээр УИХ-ын Ж.Ганбаатар хоёр дахь удаагаа парламентад тухалсан.

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр ч мань хүн тойргийн иргэддээ “молиго” үмхүүлж, санал авсан нь өдгөө ч сонгогчдын бухимдлыг төрүүлсээр буй тухайд бид эргэн хүргэх болно.

Эх Сурвалж: Erennews.mn

http://erennews.mn/article/36509


URL: