БЗД-т 15 тоосгон граж, гурван чингэлгийг албадан буулгаж, чөлөөллөө
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар газрын зөрчил арилах захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн VI хорооны иргэд болон 136 цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гараж, 3 төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөллөө. Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох, хөгшид нарлаад суух нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй.
Хороололын дунд байдаг ганц цэцэрлэгээ ийнхүү тоосгон гараж төмөр чингэлэгээр дугуйруулан хашжээ. 22Б байрны зөвхөн зүүн талд гэхэд араваас дээш жилийн насжилттай хуучин тоосгон гараж 26, төмөр чингэлэг 3 байгаа бол баруун талд 28 байрнууд нарийн зам даган байрлаж байна. Хичээлийн шинэ жилээс өмнө газар чөлөөлөлт хийгдэж байгаад оршин суугчид баяртай байгаа бол гаражийн эзэд бухимдалтай байна.
БЗД-ийн 6 хорооны засаг дарга Г.Ариунболд: Манай хороо нийтийн эзэмшлийн зам талбай битгий хоёр машин зөрөөд өнгөрөх зайгүй болчихоод байна. Тухайлбал 21Б байрны орчимд ямар сул чөлөөтэй талбайгүй болохоор хоёр эгнээтэй замын нэг урсгалд оршин суугчид машинаа тавьдаг. Нэг урсгалаар нь машинууд зохицоод зөрж өнгөрдөг. Эдгээр тоосгон гаражийг буулгаж нийтийн эзэмшилд өгч, ногоон байгууламж бүхий тоглоомын талбай байгуулах эсвэл цэцэрлэг сургуульд зориулж авах саналыг оршин суугчид удаа дараа ирүүлсэн. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа арга хэмжээ юм гэлээ.
БЗД-ийн ГЗБА-ны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “Өнөөдрийн буулгалтаар 15 гараж, 40 тн гурван ширхэг төмөр чингэлэг албадан буулгаж газрыг чөлөөллөө. Цаашид 28 гараж буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно гэлээ. 22Б байрны зүүн талд газар чөлөөлөлт хийгдсэнээр мянга гаруй м2 талбай нийтийн эзэмшилд шилжинэ” гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.
URL: