Армийн авторуудын нэг
У.Хүрэлсүх танхимын сайд нараа харьцангуй салбараас нь “сугалсан” ч төдийлөн танигдаагүй шинэ, содон хүмүүс олон бий. Тэр дунд армийг зангидах онцгой, хариуцлагатай үүргийг бригадын генерал Г.Сайханбаярт өгөв. Гэхдээ шинэ сонголт биш. Ялангуяа, салбартаа бол Г.Сайханбаяр хуучин хүн. Тэр армид 30 гаруй жил зүтгэсэн.
Батлан хамгаалах яаманд ажиллахдаа найман сайдын нүүр үзэж тамгыг нь түшилцсэн байдаг. 15 жил хурандаа цолыг зүүж Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор бригадын генерал цол хүртэж байв. Өмнөх жилүүдэд багагүй баалуулж ирсэн Батлан хамгаалахын сайдын томилгоог харвал танхим дотроо хамгийн мэргэжлийн хүн гэж харж болно. Үүний учир нь шинэ сайдын ажлын түүхийг сөхвөл армиас өөр салбарт “хөл” тавиагүй гэхээр. Г.Сайханбаяр генерал улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Харин багахан өөтэй талаас нь харвал бригадын генерал, У.Хүрэлсүх нар үй зайгүй найзууд. Олон жил ойр шадарласан гэдэг утгаараа албан тушаалд хамгийн түрүүнд томилогдох хүн нь Г.Сайханбаяр байсан. Түүний нэр Тагнуулын даргад ч яригдаж байсан удаатай. Гэвч өндөр албан тушаалд томилогдолгүй дөрвөн жил хүлээснийг гайхах хүмүүс байдаг юм билээ.
Батлан хамгаалахын шинэ сайдын СV-г харвал төгссөн сургууль, ажилласан туршлагаас эхлээд шууд л цэргийн хүн гэдэг нь харагдана. Цэргийн нэгдсэн дээд сургууль, БНХАУ-д Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг цэргийнхнээс анх удаа, ОХУ-д ЗХЖШ-ын академийг төгсчээ. Харин ажлын гараагаа Улиастайн дивиз, 016 дугаар нэгтгэлээс эхэлж зенит, пуужингийн тусгай хорооны сургуулийн салбарын улс төрийн орлогч хийж байв. 1994 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллах болж, 1996 онд Батлан хамгаалах яам, ЗХЖШ шинэ тогтолцоонд шилжиж байсан цаг үед 28-тай залуу Мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдсоноос хойш армийн шинэчлэлийн сорилтыг Г.Сайханбаяр генерал эхлүүлсэн гэдэг. Сүүлд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллахдаа зэвсэгт хүчний хөгжил дараагийн үе шатанд шилжих багц хууль, эрх зүйн шинэчлэлийг гардан зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байв. Энэ утгаараа тэр яалт ч үгүй армийн авторуудын нэг болж таарч байна.
Нутаг ус талаас нь харвал Г.Сайханбаяр генерал Архангай аймгийн Жаргалант сумынх. Тэрээр нутгаасаа төрсөн анхны, аймгийнхаа 19 дэх генерал гэгддэг. Харин удам угсааг нь хөөвөл өвөө, аав, ээж гээд гэр бүлээрээ армийн хүмүүс юм билээ. Өвөг эцэг нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Аав нь Ардын армийн дуу бүжгийн ансамблийн орлогч даргаар 10 жил ажилласан дэд хурандаа Б.Гүрсэд гэж байжээ. Ээж нь армид насаараа нягтлан бодогч хийсэн гээд цэргийн гэр бүлд өсч хүмүүжсэн байна.
Армийг бүхэлд нь чиглүүлэх “цэрэг” талаас нь харвал Г.Сайханбаяр генерал хувийн амбици тааруу. Ажлаас өөр юм мэддэггүй гэж салбарынхан нь ярьдаг. Хэтэрхий зөөлөн гэмээр. Харин энэ удаад асуудалтай салбарыг “атгах” үүрэг хүлээсний хувьд хариуцлага ярьж, хатуу чанга байхад гэмгүйг салбарын сайдын хувьд дайя.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: