С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах уу?

unnamed

ТЕГ-ын дарга асан Б.Хурц эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж  гурван жилийн хорих ялаар шийтгүүллээ.  Тэгвэл “Эрүү шүүлтээр хилс  хэрэг хүлээж хэлмэгдэж хохирсон” хэмээн мэдүүлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах уу. Хорих 461 дүгээр ангид жил гаруй хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон Б.Булганд нөхөн төлбөр олгох уу гэдэг асуулт гарна. Одоогоор нэр бүхий есөн хүний хэрэг шүүхээр шийдэгдсэн ч хохирогчдыг үргэлжлүүлэн хорьж байна. Тэдний ар гэрийнхэн хүлээлтийн байдалтай байна уу гэлтэй чимээгүй.

Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцсон С.Зориг агсны эхнэр Б.Булган  ам нээсэнгүй. Хүний эрхийн асуудлаар тухайн үед  байр сууриа илэрхийлж байсан хүний эрхийн хуульчид ч  таг чиг. Энэ сэдвээр хамгийн их ярьж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар  хаана явааг бүү мэд.

УЕПГ-аас  лавлахад “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн урд  гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.
Ажлаа аваад удаагүй байгаа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ асуудлаар сэтгүүлчийн асуултад  мөн хариулсан.  Гэхдээ сайдын үг салаа утгатай байгаа нь анхаарал татаж байна.
Тэрээр “Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар яригдана. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө, шийдсэнээс хойш нөлөөлөл үзүүлсэн   шинээр илэрсэн нөхцөл байдлыг авч үздэг. Тиймээс Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал үүслээ гэж Улсын ерөнхий прокуророос  Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулах учиртай, шүүхийн шийдвэр албажсаны хойно. Энэ дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэж өөрөөр хэлбэл, гурван шатны эцэслэн шийдсэн шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдэх дараагийн хуулийн процесс эхэлнэ” гэв.
Х.Нямбаатар сайдын   “түдгэлзүүлэх, эсэх”  гэж тодотгож хэлснээр  бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьсон гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тул тэднийг суллахгүй. Харин гурван шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэн хэргийг дахин шийдвэрлэх, эсэх  үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн үг юм. Бас хэрэг, маргаан хаашаа ч яаж эргэж мэдэхээр.
Б.Хурцын хувьд “Би  эрүүдэн шүүх тушаал өгөөгүй”  гэж мэдүүлсэн. Түүнтэй хамт шийтгүүлсэн  Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбат хэлэхдээ  “2013 оны дундуур энэ ажлын хэсгийг ахлах тушаал гарсан. Олон жилийн, ноцтой гэмт хэрэг дээр зөвхөн хуулийн хүрээнд, яг хуулийн процедураар ажилласан. Хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг тухайн үед Ц.Нямдорж сайд бид хоёр хоёулаа тавьж байсан. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж. Би хуулийг алхам ч зөрчөөгүй. Мөрдлөгийг мөрдөгч нар хийдэг. Нэг ийм хэргийн сэжүүр байна. Америк, Францад гэх мэтээр танилцуулж байсан. Тэгээд наад асуудлаа шалгаад үз сэжүүр гарч магад гэж хэлдэг байсан. Энэ хэргийн талаар олон талын, олон баримтыг шалгах явцад хорих ангиас Ц.Амгаланбаатар гэх хүн мэдээлэл ирүүлснээр шалгаж эхэлсэн.  Прокурор гүйцэтгэх ажил явуулах, техник хэрэгслээр хянах зөвшөөрлийг өгдөг. Өгсөн. Энэ гүйцэтгэх ажил яаж явдагийг би мэдэхгүй. Хуулиараа мэдэх ч боломж байхгүй. Тухайн байгууллагын нууц. Гүйцэтгэх ажил гэдэг нь өөрөө их төвөгтэй зүйл. Гүйцэтгэх ажил гээд бохир юм явдаг юм байна.
Үүнийг болъё гэсэн чинь тэр үед нь Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын хуульчид эсэргүүцэж хүчингүй болгосон байдаг” хэмээн хэвлэлд ярьсан нь бий.
Ямартай ч эрүүдэн шүүсэн бичлэг ил болж, Б.Хурц нарыг мөрдөн шалгаж яллах шийдвэр гарснаар С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллагын хэрэг задрах нь нэгэнт тодорхой боллоо. Тэгвэл “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр “Хэрэг хүлээлгэсэн арга нь буруу байсан  болохоос алуурчид нь бол мөн байх магадлалтай” гэж хэлэх хүн ч бий.
Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбатын  хэлснээс бас нэг зүйлийг  эргэж үзвэл тэрээр  ”С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан  хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа.
Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой” хэмээн хэлсэн нь цагаан дээр хараар бичээстэй байна.
Түүний хэлснээс үзвэл  захиалагчийг илрүүлэх гэтэл саад үүсчээ гэж ойлгогдож байгаа юм.
Шинээр үүссэн  нөхцөл байдлаар  С.Зоригийн аллагын гүйцэтгэгч нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар биш бол тэднээр бамбай хийсэн хэн нэгнийг цагдаагийнхан олох л учиртай. Хэрэв тэд гүйцэтгэгч  мөн юм бол захиалагчийг мөрдөх шатанд явж байгаад тасалдуулсан үйл явцыг цагдаа, тагнуулынхан хамтраад үргэлжлүүлэх учиртай.
Ер нь бол ардчиллын удирдагч С.Зоригийг  хөнөөсөн аймшигт  хэргийг   манай улс  илрүүлж чадалгүй 17 жил болсон. 2015 оны намар гэнэт  аллагын гүйцэтгэгч нарыг баривчилж, талийгаачийн эхнэр Б.Булганыг хорих 461 дүгээр ангид саатууллаа хэмээн шуугиснаар эхэлсэн дуулиант хэрэг үнэхээр захиалгат жүжиг эсвэл мөрдөгчдийн андуу ташаа үйлдэл байсан  бол эрэл  22 дахь жилдээ  дахиад  л үргэлжлэх нь. С.Зоригийн аллагыг  илрүүлчих  эр зориг Монголын төрд байхгүй гэж үү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.7.27  ДАВАА № 142 (6367)

Ч.ЗОТОЛ


URL: