Европын холбооноос манай улсад 37.5 сая еврог олгохоор болжээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Тэрээр энэ долоо хоногт Монгол Улсад суугаа Япон, Энэтхэг, БНСУ,ХБНГУ, Франц улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Манай улсад Европын холбооноос 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгохоор болжээ. Тухайлбал, ХБНГУ-аас манай улсад нэг сая еврогийн тусламж олгох юм байна. Энэ талаар Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос “Япон улсын Засгийн газраас Жайка-гийн Техникийн хамтын ажиллагаанаас гадна Олон улсын байгууллагаар дамжуулан “авиган” эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхэд зориулан хоёр сая 90 мянган ам.долларын санхүүжилт олгосон. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд төслийн бус буцалтгүй тусламжаар халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцоог сайжруулахад зориулан нэг тэрбум иенийн буюу 9.3 сая ам долларын үнэ бүхий эмнэлгийн төхөөрөмжийг нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн Япон Улсын Засгийн газраас зарим улсад ”яаралтай хөнгөлөлттэй зээл” олгохоор судлаж байгаагийн дотор Монгол Улс багтсан. Албан ёсны шийдвэр гарсны дараа үнийн дүн зэрэг зээлтэй холбоотой мэдээллийг хүргүүлэх болно” гэлээ. Энэ онд манай улс Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65, БНСУ-тай 30, Франц улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Цар тахлын улмаас энэ ойн уулзалтуудыг цахимаар хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Дэлхийн олон оронд манай улсын иргэн хөл хорионы улмаас гацаж, амьдрах байргүй, хоол хүнсний дутагдалд орж, визний хугацаатай холбоотой асуудал их гарч байгаа. Үүнийг шийдвэрлэх тал дээр Гадаад харилцааны яам ажиллаж байна гэдгийг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэллээ. Тэрээр ”Дэлхий нийтээр вакцины асуудал нэн тэргүүнд яригдах ёстой. Энэ чиглэлээр бид Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-тай хамтарч ажиллаж байна. Мөн вакцин гаргах улс орнуудтай холбоотой байгаа. ОХУ-ын Эрүүл мэндийн яам болон Батлан хамгаалахын яам хоёр вакцины клиникийн туршилтыг явуулж байгаа талаар мэдээллэсэн. Мөн Оксфордын эрдэмтэд вакцин гарган авахаар туршилт хийж байна. Энэ болгон дээр маш чамбай хяналттай ажиллаж, мэдээллийг авч байна. Коронавирусын эсрэг вакцин гарсан даруйд Монгол Улсын иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар Засгийн газар болон бусад холбогдох байгууллага ажиллаж байна” гэсэн юм.
Эх сурваллж: www.polit.mn
URL: