Л.Мөнхтүшиг: Хилээ нээх нь хүн бүрийн амь настай шууд холбоотой

Munkhtushig_2-133211-654398446

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өгөв:  

-Монгол  Улс хилээ хааснаас хойш 14371 иргэнийг авто болон агаарын замаар татан авлаа. Гэвч иргэдийн дунд буруу ойлголт байсаар байна. 67 мянган иргэнийг татан аваагүй шүү дээ гэдэг. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр агаарын болон авто замын хилээ үе шаттай бүрэн хаасан. Хил хаахаас өмнө, 14 хоног карантилах шийдвэр гарахаас өмнө МХЕГ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн иргэдийг хил нэвтрүүлж байсан. Энэ үед оруулсан  иргэдийн тоог нийлүүлбэл нийт 67 мянгад хүрнэ.   Бусад улсуудад халдвар буурахгүй байгааг та бүхэн мэднэ. Иймд хилээ нээх нь хүн бүрийн амь настай шууд холбоотой.

Агаарын 13 чиглэлээр иргэдээ татан авлаа. Авто замаар өмнөд болон хойд хөршөөс 6000 иргэнээ татан авсан. ОХУ-аас оюутнууд дахин ирэх хүсэлтээ өгөөд байна.

Энэ сард нийт 11 тусгай нислэг хийхээр төлөвлөсөн ч нийт 14 нислэг үйлдэх шийдвэр гарлаа. Учир нь тусгаарлах байрны хүрэлцээ өссөн юм. Дараагийн нислэгийг энэ сарын 28-нд БНСУ руу үйлдэнэ. Ингэснээр энэ сард татан авах иргэдийн тоо 3397 болно. Анх нэг сард 100 орчим л иргэнээ авчирч байсан бол одоо тоо нь өсөж байна.  Бид хүчин чадалдаа тултал нь иргэдээ авчирсаар байна.

Бид гуравдугаар сард буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Анх энэ тоо 300 байв.  Оюутнуудын хичээл сургууль дууссан тул ирэх оюутнуудын тоо өслөө. Манай улсын 46 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдардаг. Тэндээс хамгийн олон иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна. Өмнө нь бид таван шалгуур тогтоон, энэ дагуу иргэдээ түрүүлж авчирч байв. Харин одоо энэ шалгуурт хамрагдахааргүй хүмүүс хилийн чанадад тунаж үлдээд байна.

ГХ-ны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн аваад гадаад улсууд дахь ЭСЯ-дад хэд хэдэн чиглэл хүргүүллээ. Бид татан авахаас өмнө манай иргэдэд тулгарч буй визийн гэх мэт асуудалд дэмжлэг үзүүлэхийг бусад үлсуудаас хүссэн. Мөн хилийн чанад дахь 55 ЭСЯ бүртгэсэн иргэдийнхээ жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэхийг үүрэгдсэн. Мөн өргөдөл гаргасан иргэн бүрд хариу өгөх үүрэг өглөө. Мэдээллийн ил тод байдлыг хангахдаа өргөдөл гаргасан иргэдийн овог нэр, бүртгүүлсэн огноог л мэдээлнэ. Бусад мэдээллийг нийтлэхгүй.

Бид цаашид ч татан авах ажлаа эрчимжүүлнэ. Ирэх сард мөн л 3000 иргэнээ авчирна. Европт 2000 орчим иргэн бий.

Ирэхэээс гадна манай улсаас явах хүсэлтэй иргэдийн тоо ч өслөө. БНХАУ-ын талтай ногоон гарцаар иргэдийг нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Энэ гарцаар нэвтэрсэн иргэд ч мөн адил тусгаарлалтад заавал хамрагдан гэдгийг ойлгоорой. Одоогоор тус улс Ногоон гарцаар гадаад улсын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улс өөрийн иргэдээ л нэвтрүүлж байгаа юм. Энэ гарцын журамд гарцаар нэвтрэх иргэд заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаарддаг.

Бусад улсуудад халдвар буурахгүй байгааг та бүхэн мэднэ. Иймд хилээ нээх нь хүн бүрийн амь настай шууд холбоотой.

 Мөн авлига өгсөн авсан гэх мэдээлэл байгаа бол холбогдох газруудад нь  өгнө үү. Бид таны мэдээллийг шалгуулна, энэ хүнд цаг үед хүний зовлонгоор ашиг хонжоо хайсан бол заавал шалгуулна. ГХЯ болон хилийн чанад дахь элчин сайдууд, консулууд энэ оны эхнээс өндөр ачаалалтай ажилласаар ирлээ. Бид хийх ёстой ажлаа л хийж байна. Иймд хэн нэгнийг түрүүлж авчрахын тулд авлига авсан консулын ажилтан нэг ч байхгүй гэдгийг би баттай хэлнэ гэв.


URL: