“Covid-19”: Зай барих дэглэмийг заавал мөрдүүлье

712-15953734022020-7-22-3122121

Монголчууд хагас цэрэгжилтийн байдалд шилжээд таван сар боллоо. Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Түүнээс хойш УОК-ынхон хөл хориог сар сараар нь сунгаад явж байна. Саяхан л гэхэд арав хоногийн өмнө хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 31 болгов. Гэтэл бидний өнөөдрийн назгай байдлаас харвал төр нь ч иргэн нь ч хөл хорио байтугай халдвар хамгааллын дэглэмээ умартсан бололтой. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмдэг.

Харин гадаа гараад харвал төрийн шийдвэр тамгатай цаасан дээр үлдсэнтэй маргах хүн гарахгүй.
Цар тахлын эхэн үеийг бодвол хааж, хорьсон шийдвэрүүдээ султгаж үйлчилгээний байгууллагуудыг ээлж дарааллаар нь нээв. Эдийн засгийг дэмжинэ хэмээн диско баар, жагсаал цуглаанаас бусдыг нь чөлөөтэй болгосон. Харин эрсдлээс хамгаалахын тулд хүн хооронд 1.2 метр зай барих, амны хаалт зүүж, ариутгалын бодис хэрэглэхийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байгаа ч хоорондоо зайтай байх нь битгий хэл амны хаалт зүүсэн хүн хэд байгаа билээ. Нийтийн унаа, олон хөлийн газар цугларсан хүмүүсээс гарын таван хуруунд багтахаар нь л амны хаалттай харагддаг боллоо. Монголын хууль гурав хоног гэдэгчлэн иргэд нь ч эрүүл мэндээ хайхрахгүй, төр засаг нь хянаж цагдсан зүйл алга.
Дэлхийн зарим улс орнууд цар тахлын хоёр дахь давалгаа эхэлснийг сануулж хөл хориогоо улам чангатгаж эхлэв. Ингэхдээ халдвараас хамгаалахын тулд маск зүүхээс гадна хамгийн гол дэглэм бол хоорондоо 1.5-2 метрийн зай барих гэдгийг онцолж ирсэн. Харин хоорондоо зай барих дэглэмийг манайхан нэг л ойлгохгүй, мөрдөхгүй байх шиг.
Уг нь наад зах нь зоогийн газрууд ширээ сандлаа зайчилж, кинотеатрууд үзэгч хоорондын зайг сахих зэргээр онцгой зохицуулалт хийх учиртай. Гэтэл өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэн, төв талбайдаа шөнө дөл болтол хөл гишгэх зайгүй хөлхөлдөж, хурал номын газраа ч хувийн орон зай үлдээхгүй бужигналдаж байна.
Тухайлбал, УОК-оос кинотеатруудад өгсөн зөвлөмжид биеийн халуун үзэж, амны хаалт зүүлгэхээс гадна үзэгчдийг суудал алгасаж суулгах, үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийхийг зөвлөжээ. Номын сангуудад бээлий өмсөж үйлчлэх, хүн хооронд 1.5-2 метрийн зай барих, номыг аль болох цахимжуулах, номонд хавчуурга хийх, ширээн дээр хувийн эд зүйлсээ гаргаж тавихгүй байхыг зөвлөсөн.
Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын үед худалдаа, үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн мөрдөж ажиллаж байгааг сурвалжиллаа.
ТӨВ ТАЛБАЙ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ХАЯГДЖЭЭ
Хотын төв талбайн усан оргилуурыг зорьж ирдэг хүмүүсийн цуваа тасардаггүй. Мөн өглөө үдшийн цагаар үндэсний цэцэрлэгт хүрээлэн зайгүй болтлоо иргэдийн хөлд дарагдаж байна. Хөл хорионы өнөө үед хүүхдээ салхилуулж, чөлөөт цагаа өнгөрүүлэх гэсэн хүмүүс улам олноор зорьж очиж байна. Оройн 23:00 цагт ч иргэдийн хөл татраагүй хэвээр байв. Гэрэл гудамж үзэх гэсэн хүмүүс тасалбарын цэгт дугаарлаж, тойрч суугаад түргэн хоол идэж байгаа нь олон. Халдвар хамгааллын дэглэм сахиж, хүн хоорондын зай бариулах нь битгий хэл амны хаалт, ариутгалын бодис шаардаж байгаа хүн байсангүй.
ҮЗЭГЧ ХООРОНД ХОЁР ХООСОН СУУДЛЫН ЗАЙТАЙ ТАСАЛБАР БИЧИЖ БАЙНА
Халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаа талаар Өргөө  кинотеатрт очив. Үүдэнд нь үйлчилгээний ажилтан амны хаалт зүүхийг шаардаж, зүүгээгүй тохиолдолд нэг удаагийн амны хаалт өгч байлаа. Мөн ажилчид нүүрний хаалт зүүж, хүнсний бүтээгдэхүүний хэсгийнхэн нэг удаагийн бээлий өмсч, хүлээлгийн танхим, суудлыг хоёр цаг тутамд цэвэрлэж, ариутгал хийж байгаа гэдгийг ажилтнууд хэллээ. Мөн үзвэрийн танхим руу үзэгчдийн биеийн халууныг хэмжин, гарыг ариутгаж оруулж байгаа гэсэн ч бүрэн дүүрэн хэрэгжиж харагдсангүй. Үзэгч хооронд хоёр хоосон суудлын зай авч суулгахаар төлөвлөж, тасалбараа бичиж байгаа аж. Нэг үзвэрийн танхимд дунджаар 15-20 үйлчлүүлж байна. Харин 4-5-уулаа хамт яваа үйлчлүүлэгчид зай барих шаардлага хүлээн авахгүй цааргалах тохиолдол цөөнгүй гарч байгааг үйлчилгээний ажилчид хэлж байлаа.
ХҮҮХДИЙН НОМЫН САН НЭГ ТАНХИМД 20 ХҮҮХЭД СУУЛГАХААР ЗОХИЦУУЛЖЭЭ
Онцгой нөхцөл байдлын үед Хүүхдийн төв номын сан хэрхэн ажиллаж байгаа талаар Хэлтсийн эрхлэгч Б.Аръяа “Номын сан зургадугаар сарын 23-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн. Өмнө нь нэг танхимдаа 120 хүүхэд хүлээж авдаг байсан бол одоо нэг танхимдаа 20 хүүхэд суулгахаар зохицуулсан байгаа. Суудал хоорондын зай 1 метр болгож байрлуулсан. Үүдний жижүүр халуун үзэж, гар ариутгаж, бүртгэж байна. Танхимд сууж үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Харин гэрээр ном олгох нь үнэ төлбөргүй байдаг учраас  гэрээр ном авах нь ихэссэн. Үйлчлүүлэгчдээс номоо хурааж авахдаа ариутгалын бодистой, чийгтэй алчуураар ариутгаж байгаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙГЭЭР ӨДӨРТ 20 ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Музей зуны улиралд хамгийн их ачаалалттай ажилладаг. Тиймээс бид  Монголын үндэсний музейн боловсролын ажилтан  Г.Уугантуяатай уулзахад  “Өнгөрсөн жил дотоод, гадаадын 20 мянга гаруй хүн үйлчлүүлсэн. Гэтэл энэ жил коронавирусын  улмаас үйлчлүүлэгчдийн тоо огцом буурсан. УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу долдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэхдээ музейн үүдний хэсэгт үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, гар ариутгах болон амны хаалт зүүж, хоёр метрийн зайтай зогсохыг зөвлөж байгаа. Мөн хоёр цаг тутамд чийгтэй болон, хуурай цэвэрлэгээ хийж байна. Манай музей ням, даваа гарагуудад амардаг. Ажиллаж байгаа үлдсэн тав хоногт ойролцоогоор 100 гаруй хүн л үйлчлүүлж байна. Өдөрт дунджаар 20 гаруй хүн гэсэн үг. Гэр бүлээрээ үйчлүүлж байгаа хүмүүс их байна. Танхим болгоны үзмэр хариуцсан ажилтан хүмүүст санамж өгч, зайгаа баримтлахыг зөвлөн, хяналт тавьж байгаа. Үйлчлүүлэгчийн тоо бага, үйлчлүүлэх цаг  зөрүүтэй байгаа учир бөөгнөрөл үүсэхгүй байгаа” гэв. Үндэсний музей нийт есөн  танхимтай бөгөөд биднийг очиход хоёр танхим үйлчлүүлэгчтэй байсан. Үйлчлүүлэгчид амны хаалт зүүж, тайлбарлагчийн хамт үзмэрүүдтэй танилцаж байлаа.
Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалт зүүх, гар ариутгах зөвлөгөөг тодорхой хэмжээнд өгч байгаа ч цар тахлаас сэргийлэх хамгийн чухал зүйл болох хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдүүлэхгүй байна. Иргэдийн хувьд ч зөвхөн худалдаа үйлчилгээ гэхгүй гудамж талбай, нийтийн тээвэр, зоогийн газар, дэлгүүр хоршоо гээд хаана ч зай барих дэглэм огт үйлчлэхгүй байна. Худалдаа үйлчилгээ газруудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Тайчих үзүүлбэртэй бар, диско клубыг нээгээгүй. Бусад нь халдвар хамгааллын дэглэмээ сахиад хэвийн ажиллаж байна. Мөн 10-20 хүнтэй хурал зөвлөгөөн хийхдээ нийслэлийн онцгой комисст заавал мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой.
УОК, мэргэжлийн хяналтын байгууллагатай байгууллага шаардлагатай үед очиж хяналт тавина. Дүүргүүдийн шуурхай штаб хяналт тавьж байгаа” гэлээ. Цар тахал эргэн сэдэрч аюул улам нэмэгдэж байгаа энэ үед хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гар ариутгах дэглэмээ чангатгаж, онцгой хяналт тавих шаардлагатай байна.
ЭДГЭРСЭН 213 ХҮНИЙ 23-ААС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
Манай улс коронавирусын аюул дотооддоо алдаагүй ч огтхон ч тайвширч болохгүйг сүүлийн хэд хоногийн дэлхий нийтийн нөхцөл байдал харуулж байна. Мөн манай улсад 40-60 хоног эмчлүүлээд эдгэрсэн 23 хүнээс дахин коронавирус илэрсэн нь аюул ойрхон байгааг санууллаа. Тэгвэл цар тахал улирлын томуутай хавсарвал юу болохыг хэлж мэдэхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрээр “Монголд батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн хүн 213, одоо 74 хүн эмчлүүлж байна. Дэлхий дахинд 14 сая 685 хүн халдвар авчээ. Бид маш хүнд нөхцөл байдалд  байна. Үүнээс хагас сая хүн коронавирусын улмаас хорвоог орхижээ. Энэ аюулт өвчний үед бид эв найрамдалтай байж, мөрдөх ёстой дүрэм, журмыг биелүүлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах нь эх орноо хамгаалж байна гэсэн үг. Өнөөдрийг хүртэлх маш олон албан хаагч өндөр зохион байгуулалттай өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Арав, арваннэгдүгээр сард улирлын томуу,  коронавирустэй хавсарвал бидэнд ямар их дарамт ирэхийг та бүхэн төсөөлөх хэрэгтэй. Улс орнууд болон хүний мөн чанар,  чадвар коронавируст шалгуулж байна. Тиймээс хүн бүр өөрийгөө болон бусдыг хамгаалан, зөв дадалд уриалан, үлгэр жишээ болох хэрэгтэй. Энэ үед бүх улсууд нэг удирдлагад нэг хүн шиг нэгдэж ажиллаж чадлаа. Энэ амжилтаа үргэлжлүүлэн ажиллах нь бидний хувьд хамгийн чухал байна” хэмээлээ.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт өгөх зөвлөмжид
• Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх
• Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
• Маск, тусгай амны хаалт зүүх
• Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
• Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
• Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
• Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
• Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
• Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
• Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
• Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
• Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: