Реппер Гинжин: Урлагийг ашиг олох хэрэгсэл мэтээр хардаг хүмүүс улиг болсон дуу хийдэг

11-site_lIiSaSi

Реппер Гинжин буюу Г.Гарьдтай ярилцлаа.


-Урлагийн замналаар явж, реппер болоход тань томоохон түлхэц, нөлөө үзүүлсэн хүчин зүйл юу байв?

-Багадаа сургуулийнхаа баяраар урлагийн номеруудад идэвхтэй оролцдог байлаа. Хамт өссөн ах эгч нар маань ихэвчлэн хип хоп сонсдог учраас надад нөлөөлсөн болов уу. Аливаа реппер өөрийгөө жинхэнэ реппер гэдгээ батлах хамгийн энгийн бөгөөд эхний чухал шалгуур бол үгээ өөрөө бичих. Үүнийг бичигдээгүй дүрэм ч гэж хэлж болно. Надад мундаг бэлэн цэцэн үг байхгүй. Би үгээ олон цагаар нухаж, бодож бичдэг хүн.

-Шинэ уран бүтээл хийх хүсэл тань зуны улиралд оргилдог гэж сонссон. Тэгвэл энэ цаг үед ямар уран бүтээлийн хүсэл, санаа төрж байна вэ?

-Зуны хамгийн гоё үзэгдлийн нэг нь бороо шүү дээ. Тийм ч учраас “Бороо” дуугаа хийсэн. Бодсон хэд хэдэн дууны гоё сэдвүүд бий. Зарим нь эхнээсээ үзэгч, сонсогчдын хүртээл болоод эхэлсэн. Бусдыг нь сюрприз болгоод үлдээе.

-“Бороо” дууг дуулаад үер усанд автуулаад байна уу гэх хошигнол сүүлийн үед сошиалаар түгэх боллоо. Энэ дууны клипийг хэр удаан хийсэн бэ?

-Аливаа клип хийхдээ цаг нараа зөв тохирч, бүх юмаа тодорхой болгочихвол хэзээ ч сунжирч уддаггүй. “Бороо” дууны клипийг хоёр өдөрт л амжиж хийсэн. Үерт автуулж байгаагийн хувьд харин хүлцэл өчье /инээв/. Уран бүтээлчдэд хамтрагч гэдэг их чухал л даа. Хүссэнтэйгээ хамтраад байж болохгүй гэж боддог. Хүн хэнтэй найзлах, ханилж гэрлэх, цуг ажиллахаа сонгодогтой ижил хэнтэй хамтарч дуулахаа ч сайтар бодох ёстой. Одоо реппер Mrs.M-тэй хамтарсан дуэт цомог дээр ажиллаж, бүх анхаарлаа хандуулж байна. Мэдээж хажуугаар нь бие даасан уран бүтээлүүд гарна. Одоогоор тэр цомог бол хамгийн том төсөл маань юм.

-Дуулсан дууг тань сонсогчид таатай хүлээн авч буйг хараад танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Мэдээж гоё шүү дээ. Гэхдээ миний авах мэдрэмжээс илүү ээж аавд минь ямар мэдрэмж төрдөг бол гэдгийг гайхаж боддог доо. Өөрийнхөө уран бүтээлийг сэтгэл хангалуун сонсож суух мөч маш сайхан. Миний мэдэрч болох хамгийн гоё таашаалуудын нэг яалт ч үгүй тэр.

-Ихэнх уран бүтээлчид сонсогчдоос шүүмжлэл авахаас айж, тэдэнд таалагдахын тулд улиг болсон дуу хийсээр байна гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар яриач…?

Бүх зүйлд хоёр тал бий. Урлагийг үнэхээр биширч хөгжүүлэхийн төлөө явдаг уран бүтээлчид байхад түүнийг зүгээр мөнгө олох хэрэгсэл болгож, доош татдаг хүмүүс ч байсаар л… Ер нь урлагийг ашиг олох хэрэгсэл мэтээр хардаг хүмүүс улиг болсон дуу хийдэг.

-Та өөрийгөө товч тодорхойлбол?

-Юу гэмээр ч юм бэ дээ. Та бүхний чихийг жаргаах гэж бурхнаас ирсэн элч юм шүү гэе /инээв/. Өөрийнхөө талаар сайн ойлгож амжаагүй ганц зүйл бол миний ааш зан байх аа. Гэхдээ зан чанарыг маань өдөр тутам хамт байдаг эргэн тойрныхон маань л сайн хэлнэ. Ер нь бол хилэнцийн орд шүү дээ. Би их сониуч хүн, үргэлж мэдэхгүй зүйлсээ мэддэг хүнээс нь асууж судалж явдаг. Тэгэхээр миний өдөр тутмын амьдралын хэв маяг үргэлж бага сагаар ч болов хөгжүүлэлт болдог гэж хэлж болно. Мөн бусдаас шүүмж сонсохдоо таатай байх болно. Гэхдээ авахыг нь авч, хаяхыг нь хаядаг. Зөвхөн шүүмжээс шүү дээ. Түүнээс биш зүгээр нэг утгагүй хараалаас ондоо. Зарим нөхдүүдийн утгагүй харааж бичсэн сэтгэгдлийг уншаад өөрийнх нь тэнэгийг л мэдэж авдаг даа.

-Өөрийн гэсэн зоогийн газар, хувцасны компанитай болох зорилготой юм билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?

- Одоохондоо тэр ажлуудаа хэрэгжүүлж эхлээгүй байна. Хөгжмийн салбартаа зорьсон хэд хэдэн зүйлсдээ хүрээд тийшээгээ орно доо.

-Монголд хип хоп урлаг ямар хэмжээнд явж байна. Таны бодлоор…?

-Монголын хип хоп бусад хөгжилтэй улс орны хип хоп хөгжмөөс нэг их дутахгүй шүү. Энэ бол техник технологи хөгжиж, интернэт нээлттэй болсонтой маш холбоотой. Үүний ачаар л хүмүүс өөрсдийгөө хурдацтай хөгжүүлж чадахаар боллоо. Гэхдээ дэлхийн зах зээл дээр гаръя гэвэл үндэсний хэв маягаа үзүүлж харуулах хэрэгтэй байх. Дэлхийн хэлийг түлхүү ашиглаж эхлэх ёстой болов уу. Монголд жуулчид ирэхэд орчуулагчдын үүрэг чухал байдагтай ижил хип хоп хөгжмийг хийхдээ тэдний хэлээр үндэсний онцлогоо ойлгуулсан дуу хийх хэрэгтэй.

-Стиль имиджээ хэрхэн бүрдүүлдэг вэ ?

-Гадны репперүүдийг нэг их дуурайгаад байдаггүй. Монголын зарим репперүүд хэт даган дуурайснаасаа болж зохих үгүйгээ ч мэдэхгүй дотор нь төөрчихдөг. Ер нь хүн өөрийгөө бага багаар олоод ирэхээр юу өмсвөл зүгээр, юу өмсөөд хэрэггүй вэ гэдгээ анзаардаг болчихдог шүү дээ. Би тасарчихсан гял цал хувцаслаад байдаггүй. Хэрвээ хүмүүст миний имидж таалагддаг бол өөрт яг таарсан юмаа өмсчээ гэсэн үг байх. Би өнгөрсөн онд үндэсний хувцсаа өмсөөд Тайвань улсын “Азийн хөгжмийн фестиваль”-д оролцоход намайг хамгийн урд манлайлуулж, алхуулж байсан. Монгол дээл бол хамгийн гоё үндэсний хувцаснуудын нэг. Мөн шивээсэнд дуртай. Анхны шивээсээ есөн жилийн өмнө хийлгэж байлаа. Зарим хүмүүс хөгшрөхөөр шивээс муухай харагдана, дэмий гэж ярьдаг. Гэхдээ өтөлсөн хойно харамсахааргүй дурсамжтай байхын төлөө, залуу насандаа л дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй биз. Тиймээс ч нас ахихын хэрээр шивээс маань муухай харагдана уу надад хамаагүй. Тэгээд ч ирээдүйд шивээсийг бүр илүү ойлгож, соёлын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн цаг үе ирэх байх.

-Өөрөөрөө хамгийн их бахархсан тэр мөчөө дурсаач?

-Их энгийн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон миний бие даасан “Тоос II Зоос” тоглолт.

П.САЙНЖАРГАЛ


URL: