Орхидос буюу “Гадаадад гацсан Монголчууд”
Энэхүү бичвэрт мөрөөрөө ажлаа хийж байгаа эмч, албан хаагчид ямар ч хамаагүй бөгөөд өдөр бүр тэдэндээ маш их баярлаж байгаа, харин “Хувиа хичээсэн” дарга нарын логикгүй шийдвэр, буруутай үйлдлийг цаашид зүгээр харж чадашгүй нь !
Наадам их сайхан боллоо. Түүний талаар бүгд л шагшин ярьж байна. Tалбай дээр бас их тэнгэрт клубт өргөн хэмжээний шоу болж, хэдэн мянган хүмүүс цуглаж “Салют” буудав. Олон хүний сториг харахад хүмүүс пиг дүүрэн харин маск зүүсэн нэг ч хүн байхгүй байлаа. Гэтэл энэ сарын 15 хүртэл сунгасан байсан хөл хориог 31 хүртэл дахин сунгав. Тийшээ очиж шоудсан нэг ч хүнийг буруутгахгүй, зөвхөн ЭНЭ ШИЙДВЭРҮҮД … Сонгуулиар хөл хориог бүх дарга нар өөрсдөө зөрчиж, үнсэлцэж тэврэлдсэн. Гэхдээ л хөл хориогоо сунгасаар л байсан. Гөлөг төөрүүлж, тохуу хийж байгаа аятай энэ шийдвэрүүд … Ямар ч логик уялдаа байхгүй энэ шийдвэрүүд … Гадаадад гацсан Монголчууд ч үнэндээ ийм тэнэг шийдвэрүүдээс л болж тэнд яс махаа зулгааж байгаа. Зүгээр л тэдний огтхон ч бодолцож гаргаагүй, уялдаа холбоо байхгүй энэ тэнэг шийдвэрүүдээс болж зарим хүмүүс гаднын улсад ясаа тавилаа, тэвчээр нулимс бүх зүйлээ барж байна. Нэг талаас нь харвал энэ тохуурхал бол ЯРГАЛАЛ юм ! Үнэхээр болохгүй бол хүмүүс ойлгоно, боломж харагдаад байхад ҮХ гээд байгаа нь өөрөө ХАРГИСЛАЛ мөн !
”Чадлаараа аваад л байнa …” гэдэг үгийг хараал идээсэй ! Учир нь бидэнд ХҮСВЭЛ илүү чадах боломж нөхцөл бий. Байхгүй байсан ч гаргахаас аргагүй болсон. Энэ жил Монголд гадаадаас жуулчин ирээгүй аялал жуулчлал зочид буудлын салбар элгээрээ мөлхөж байгаа. Яагаад тэднийг дэмжээд, мөнгөө төлөөд байрлах гэсэн хүмүүсийг буулгаж болохгүй байгаа юм ? Монос 100 гэр бариад бохир цэвэр бүх зардлыг хариуцаад зуны цагт хүмүүсээ авъя бусад байгууллагууд дэмжээд давалгаалцгаая гэсэн ! Тэгж ч болохгүй юу ? Төрөөс мөнгө гуйгаагүй ихэдсэн төлбөр төлөөд тусгаарлагдъя гэсэн хүмүүс шүү дээ ! МИАТ гэдэг нь БУРХАН юм уу ? Орос улс Монгол руу чиглэлд хэлээ нээчихсэн, бусад улс авиа компаниуд нисээд өгье агаарын хилээ нээчих гээд байж байна бас болохгүй юу ? Хүний нөөц. Оюутнууд хичээл нь ч орохгүй хэдэн сар болсон цагийн ажил хийе гээд хэдэн мянгаараа байж байна. Анагаахын 5,6-р курсын оюутнуудыг дэмжээд чиглүүлээд ажиллуулбал, сэтгэл л байвал болохоор юм биш үү ? Тогтмол шинжилгээ аваад байх чинь элэг шилжүүлэн суулгах мэс засал биш шүү дээ ? … Тэнэг надад ийм гэнэн бодлууд байна, ухаантай том дарга нар маань илүү санаачилга гаргаад гол нь ХҮНЛЭГ байж, ХҮНЭЭ бодож болохгүй юу ? Энэ янзаараа бол юун 7 сарын 1, юун “Корона” үнэхээр асуудал болно шүү.
Би гадаадад бэтгэрэх зовлонг мэднэ. Солонгост арбайт олдохгүй хар халуунд метроны 00- д нүүрээ угааж ус балгачхаад бачуурч алхахыг мэднэ, үлгэрийн Сингад мөнгөгүй бол ямар хүйтэн байдгийг ч мэднэ, мөрөөдлийн Америкт ажилгүй хэлгүй мөнгөгүй бол там болдгийг ч мэднэ, хэчнээн элэг нэгтэн байлаа ч олон хоноход айлын эзний элэг буруу хардгийг мэднэ. Энэ амьдралаар 9 жил амьдарч тэнэж явж үзсэн болохоор 10000 Монгол төлөвлөгөөгүй түгжигдчихсэнийг бодохоор өмнөөс нь дотор бачимдаад гэмшил төрөөд байна. Энэ дунд чинь байраа барьцаанд тавиад эмнэлэг бараадсан настан, бараа татах гээд амьдрал хөөсөн өрх толгойлсон ээж, тэтгэлэг бараадаад эрдэм хөөсөн оюутан бүгд л шалтгаантай хүмүүс бий. Чамтай ЯГ АДИЛХАН, магадгүй чамаас ч ядруу нь олон бий. Жаргах гээд явсан байсан ч яадгийн, яагаад бид ийм юм бэ ? Энд дөнгөж өвчин гараад маскгүй болоход хилийн чанад дахь Монголчууд маань мөнгө цуглуулаад маск аваад бидэн руу явуулсан юм шүү. Энд нэг хүүхэд өвдөхөд тэд л гараа сунгадаг юм шүү. Ид шидийн орныг ч АНУ-д амьдардаг Монгол хүмүүс л өдөр бүр 1 доллар илгээж сүүлийн 2 жил чирж яваа юм шүү. Гадаадад байгаа Монголчууд руу яагаад ийм элэг буруу хандаж байгаа юм бэ ? Хэцүү цагт таниулж байгаа бидний ТАР нь энэ юм уу ? Өөрөөсөө харамлаж, Түндэмүний имигрээшнээс зугтааж 20 жилийн турш Монгол руу цалингаа явуулсан, хүйтэн үйлдвэрт насаараа зогсоод бөөргүй болсон ЭЭЖ, ААВУУДЫН мөнгөөр хүн болсон ЗАЛУУ ҮЕ энэ хотын гудамжаар алхаж яваа шүү !
Энэ хүмүүс бол Монгол хүмүүс. Тэд гэртээ ирэх ёстой. Тийм эрхтэй. Тэд бас өндөр нислэгийн тийз төлөөд, ирсний дараа тусгаарлагдах мөнгөө өөрсдөө төлөөд гэртээ л ирье гэж байна. Тэднийг авраад, авчраад гийгүүлээд байгаа юм биш үндсэн хуулийнхаа дагуу энэ ажил хийгдэх ёстой юм. Сонгууль, наадам гээд их удаан хугацаа өнгөрлөө. Одоо ерөөсөө алгуурлаж болохгүй. Улс даяараа аян зарлаад ч хамаагүй энэ хүмүүсийг авчрах ёстой ! Учир нь Монгол улсад хүнээс илүү баялаг гэж үгүй. Алт, нүүрсээ алддаг л юм байгаа биз хүнээ алдаж хэзээ ч болохгүй. Ийм хандлага үзүүлчхээд ардчилсан улс гэж ярихад ч утгагүй боллоо ! Тун удахгүй нэгэн сайхан өдөр хамтдаа бороонд норж, хамтдаа зам дээр бөглөрөхийг ерөөе ! Элэг нэгт Монголчууд минь тэсээрэй. Энэ чаллэнж бол амьдралын хэр баргийн чулуунд бүдрэхээгүй болгодог дархлаа, вакцин юм гэж бодоод сэтгэл санаагаа дээш нь байлгаарай !
Ч.Ганжавхлан
URL: