Хүү нь л

Баяр наадмын хоёр дахь өдөр. Хоёр гэрийнхээ сахиул ч гэх үү. Сайн дураараа хоцорсон ч гэх үү

Эмгэн байн байн гэрээс гарч, гэрийнхээ хоёр талаар ээлжлэн алхалж, ойролцоох голыг өгсөн уруудан саравчлан харснаа:

-Ядаж хэдэн тугал нь хаашаа орчхов доо. Ирэхэд нь ядаж зүг чигтэй байх юмсан хэмээн ганцаараа ярьсаар гэртээ ортол чимээ гарч, мотоцикль ирэв бололтой. Нөгөөдүүлээс чинь зарим нь ирэв үү дээ гээд гартал хоёр гэрийн дунд зогссон хүн.

-Эмээ сайн зусаж байна уу? Сайхан наадаж байна уу? Гэсээр гэрт нь орлоо.

Дагаж орсон эмгэн:

-Энэ чинь өнөөх хэн заан шив дээ. Сайхан зусаж байна. Миний найр наадам гэж юу байх вэ. Наадам чинь овоо эрт тарчхав уу? Хэн түрүүлэв дээ?

-Муу хүү чинь бүгдийг нь тонгойлгоод өгөхгүй юу.

-Ишш овоодоо гэснээ

-Өө цай идээ ид гээд босов.

-Эмээ минь цай яах вэ бэлэн идээ амсчихъя.

-Ганц орж ирснээ юунд яарах юм бэ? Хэдэн уг сольдог байгаа даа. Өөр сумаас бөх, морь зөндөө л биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, тэгэх тусмаа л хүү нь шороотой хутгаад өгөхгүй юу.

-Манай хүүхдүүдээс өөртэй чинь тааралдав уу? /ач зээгээ хэлж байна./

-Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр унах нь унаж, давах нь даваа биз. Надтай л таарсангүй.

-Хүүхдийн аз даа.

-Тэрч яах вэ. Та намайг мялаахгүй юу.

-Таарч дээ. Амттай хэд гурван чихэр ч алга.

-Би ямар хүүхэд биш дээ.

-Эмгэн нэгийг санав бололтой өврөө уудлан, хүзүүнээсээ зүүсэн ганц түлхүүр гарган хоймрын бор авдраа уудалж, дээл хувцас, аяга сав, энэ тэрийг гарган энд нэг юм байгаа болов уу гэсээр жижиг шилтэй гожин гэгчийг гарган, хундага гээч нь хаа билээ.

-Эмээ нааш нь өгчих. Та зоволтгүй гээд авлаа. Эмгэн гаргасан зүйлээ буцааж хийгээд бостол цайны аяга дүүргээд

-Идээ эзнээ таньдаггүй гэдэг байх аа гэж хоёр гардан эмээд барилаа.

-Би уух биш дээ өөрийг чинь мялааж байна.

-Ёс ёс, амс гэжээ. Эмгэн хоёр гардан авч уруул хүргээд буцаав. Тэрхэн зуур аяга хоосорч

-Яаралтай шиг хэдэн хөгшчүүлээр ороод гаръя, эмээдээ баярлалаа. Танайд оръё гэж зориуд ирсэн шүү гээд гарчээ.

Нар жаргаснаас хойш хүүхдүүдийн түрүүч хоёр нь ирж, цай хоол нэхэв.

- Наадамдсан улс байна даа хоол унд хуушуур бууз гээд бишгүй л идээ биз. Та нарын наадам яахаараа одоо дуусч байдаг юм бэ? Түрүүлсэн бөх чинь яагаачгүй байхад ирж, мялаалгаад явсан.

-Түрүүлсэн? Хэн тэр вэ?

-Яагаа вэ хэн заан

-Эмээ наадам сая л дуусаад, бид хоёр танд яараад ирлээ шүү дээ. Та сая түрүүлсэн бөх гэж юу яриад байгаа юм бэ?

-Үгүй чишш. Би түрүүлсэн гээд л хэн заан мялиалгаад явсан.

-Эмээ тэр чинь гурвын даваанд ам угтуулаад дийлэлгүй унасан юм шүү. Сүүлд нь харагдаагүй байх.

-Та юугаар мялаав даа? Танаар л даажигнаж гэжээ.

-Та хоёр л түрүүлээгүйгээс хойш хохь чинь гэж зааныг дотроо өмөөрсөн шинжтэй сууж дээ…

С.Очирпүрэв
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих