Г. Уянга: Тусгаарлах байрнаас бичсэн тэмдэглэл
Монгол улсын төр засаг 2 дугаар сарын сүүлээс хилээ гэнэт хааснаар нэг талаас “Ковид 19″-ийг Монголд тархаахгүй барихад чухал үүрэг гүйцэтгэсэн ч, нөгөө талаас гадаадад нэг түмэн монгол иргэдийг гацааж, тэдэнд санхүү, эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд хохирол учруулж байна. Гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагаа хийгдсээр, 6 сараас эхлэн эрчимжлээ. Төр болон үндэсний иргэний агаарын МИАТ компанийн зүгээс урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй нарийн төвөгтэй, далайцтай үйл ажиллагааг зохион байгуулж багагүй үр дүнд хүрлээ.
Гэвч гадаадад гацсаар үлдсэн монголчуудын байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өнөөдөр хилийн чанадад үлдсэн монголчуудын дийлэнх нь танил талгүй, мөнгөгүй, жирийн ард иргэд байна. Тэдний санхүүгийн байдал нь хүндэрч аргаа барж эхэлж байна. Тэд хэдхэн сарын өмнө Монголын дунд давхаргыг бүрдүүлж, дажгүй бизнес, ажил эрхэлдэг, сурдаг хүмүүс байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Тэдний дийлэнх нь эх орондоо ирэх мөнгөгүй болж, бүсээ чангалж, хоолоо хасаж, хямд зочид буудлуудад давхралдах шахуу унтаж, байдаг бүх эх үүсвэрээсээ мөнгө зээлж, хүний газар зовлонгийн хэцүүг амсаж байна. Эхнээсээ авахуулаад зарим нь байрнаасаа хөөгдөж, нутаг нэгтнээ бараадан хоног төөрүүлж, цагаачлах орогнол хүсэж, гудамжинд хонож, өлсөж, биеэ үнэлж, хулгай хийж, буруу хүмүүсийн эрхшээл болон бэлгийн дарамтад орж, өвдөж, амиа хорлож, үхэж байна. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа явдал төдийгүй хүмүүнлэгийн гүн хямрал болж хувирчээ.
Энэ хямралыг шийдэх 3 аргыг харж байна:
1. Татан авах үйл ажиллагаагаа өнөөгийнх шигээ үргэлжлүүлэх.
2. Хилээ нээж гадаадаас ирсэн хүмүүсийг гэр гэртээ карантилахыг зөвшөөрөх.
3. Гадаадаас хүмүүсээ татах ажлыг түргэвчилж, зундаа багтааж дуусгах. Миний хувьд гурав дахь арга замыг нь хамгийн оновчтой гэж үзэж байна. Үүний тулд яаж болох вэ?
Өнөөдөр Монголд, гадаад руу явсан монголчууд мөнгөтэй, баян гэсэн ойлголттой түгээмэл байна. Төр ч тийм ойлголттой учраас эх орондоо буцаж ирэх тийз, тусгаарлалтын байрны зардлыг гадаадад гацсан монголчуудаар бүрэн гаргуулж байна. Гэтэл өдөр ирэх тутам энэ мөнгийг гаргах огт боломжгүй иргэд олширсоор. Тухайлбал, Унгар улсаас татаж авах 38 иргэний 25 нь онгоцны тийзийн мөнгийг төлж дийлэхгүйн улмаас онгоцны суудлаас татгалзсан байв. Жаахан тооцоо бодъё л доо. Зүүн өмнөд Азиас Солонгосоор дамжин эх орондоо буцаж ирэхэд нэг хүн ойролцоогоор 4,3 сая төгрөг, Европын орнуудаас Туркээр дамжин буцаж ирэхэд нэг хүн багцаалбал 6 сая төгрөгийн зардал гаргаж, өөрөөр хэлбэл, үндсэндээ монгол хүн эх орондоо ирэх эрх буюу “виз”-ийг авах гэж дор хаяж 4-6 сая төгрөгөөр “худалдан авч” байна. Ийм хэмжээний мөнгийг гаргаж чадах хүн цөөрсөн тул энэ хүмүүс эх орондоо ирэх боломжгүй хоцроод байна.
Гадаадад гацсан хүмүүсийн нөхцөл байдал ийнхүү хурдацтайгаар доройтож байхад оны эхэнд гаргасан төсөвтэйгөө зууралдаад байлгүй төрөөс үүнд яаралтай төсөв хуваарилах хэрэгтэй байна.
Айл өрхийн төсөвт ч, улс орны төсөвт ч тэвчиж болох зардал, зайлшгүй гарах зардал гэж байдаг. Төрийн албан хаагчийн цалин бол зайлшгүй гарах ёстой зардал. Харин найр наадам хийх, усан оргилуур барих бол тэвчиж болох зардал. Энэ мөнгөөр юу хийж болох байсан бэ? Надад бүрэн мэдээлэл байхгүй ч гэсэн, бүдүүн баараг тооцоо хийгээд үзье. МИАТ-ын тусгай үүргийн онгоц иргэдээс хоёр талдаа нисэх өртгөө бүрэн авч байгаа гэж тооцвол Инчон-Улаанбаатарын чиглэлийн онгоцыг 390 гаруй сая, Стамбул-Улаанбаатар чиглэлийн онгоцыг 760 гаруй сая төгрөгийн өртгөөр нисгэж байх шиг байна. Тэгвэл 3 тэрбум төгрөгийн наадмын зардлыг тэвчиж, оронд нь гадаадад гацсан монголчуудын тусгай үүргийн нислэгийн мөнгийг даасан бол тухайлбал Инчоноос 4, Стамбулаас 2 онгоц авч, ойролцоогоор 1 560 хүнийг эх оронд нь ирүүлэх боломжтой байх байсан. Дахиад 3,2 тэрбум төгрөгийн усан оргилуурын зардлыг тэвчиж, өшөө 1 600 орчим хүнийг зардал багатайгаар татаж авах боломжтой байж. Нийтэд ил болсон эдгээр зардлуудаас гадна өөр ямар тэвчиж болох зардлыг төсөвт төлөвлөсөн байгаа бол? Төсвөө дэлгэрэнгүйгээр ил тод болгохгүй бол иргэд үүнийг мэдэх боломжгүй, зөвхөн мөнгө нь зарцуулагдсан хойно төрийг шүүмжлэхээс өөр аргагүй.
Цаашилбал, карантины байр. Тусгаарлах байруудад эмч эмнэлгийн ажилтнуудын цалин, цагдаа болон онцгой байдлын ажилтнуудын цалин дийлэнх хувийг эзэлж байгаа байх. Үүнд хангалттай төсөв байхгүйгээс эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй, тусгаарлах байрны хүчин чадал хязгаарлагдмал байна. Өнөөдөр резидент эмч нарыг 35 хоногт 300 гаруйхан төгрөгийн цалинтайгаар, эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж, карантилагдсан хүмүүст хоолыг нь зөөлгөж халууныг нь хэмжүүлж байна. Ийм нөхцөлд ажиллах хүсэлтэй хангалттай тооны эмч олдохгүй нь мэдээж. Мэргэжил чадвар эзэмшсэн хүний их эмчээр хоолоо зөөлгөж байгаа улс өөр хаана ч байхгүй! Энэ асуудлыг шийдвэрлэхэд, тусгаарлах байранд ажиллаж буй эмч нарын цалинг нэмэх, мөн заавал эмч гэхгүй, тухайлбал цэргийн хүчнийхнийг, сайн дурынхан, эсвэл хувийн хэвшлийн хүргэлтийн ажилтнуудыг ажиллуулах зэргээр тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж болно. Улс орноо аюулт өвчнөөс хамгаалж, тэргүүн шугамд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хангамж, тоог нэмэгдүүлэхэд нэмэлт төсөв хэрэгтэй.
Иргэд төрд татвар төлдгийн учир утга нь, төр нь иргэддээ үйлчилж, хамгаалж байх ёстой гэсэн зарчим дээр тогтдог. Гадаадад гацсан иргэд мөн л татвар төлөгчид. Тиймээс тэднийг татан авах ажиллагааг түргэвчлэхэд дан ганц иргэдээс сайн дураар УОК-д хандивласан мөнгөнөөс гадна, улсын төсвөөс мөнгө хуваарилах хэрэгтэй. Хөрөнгийн эх үүсвэрийг гаднын байгууллагуудын коронавирустай тэмцэхэд зориулсан хандивыг ашиглах, мөн нийгмийн даатгал төлөгчдийн хувьд НД сан г.м. эх үүсвэрүүдийг олох боломжтой ба хамгийн гол нь төв ба орон нутгийн (Улаанбаатар хотын) төсөвт суулгасан тэвчиж болох зардлыг хойшлуулах зэргээр олох боломжтой харагдаж байна. Тиймээс тэвчиж болох зардлаа хасаж, гадаадад гацсан иргэдээ хамгаалахад төсөв хуваарилаач.
Төсөв мөнгөнөөс гадна ажлын зохион байгуулалтыг сайжруулах асуудлууд бас олон байна.
Монгол улсад карантин дэлхийд хамгийн урт, 21 + 14 хоног байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй, олон улсын жишигт нийцээгүй байна. Улсаас зохион байгуулж буй тусгаарлах хугацааг 21ээс 14 хоногт хүргэж богиносговол гадаадаас ирж буй иргэдийн болон улсын зардлыг 30 гаруй хувиар багасгаж, тусгаарлах байрны хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлж, хүмүүсийг илүү хурдтайгаар татаж авах боломжтой болно. Олон улсын шинжилгээ, практик дээрээс ковид-19 нь 6-8 хоногт илэрч, өвчлөл авсан байсан ч 11 дэх хоногоос бусдыг халдварлуулах боломжгүй гэж тогтоогдсон байна. Ийм нөхцөлд 14 хоногийн карантин нь эрсдэлээс хангалттай хамгаалж чадна. Гэтэл Монголд, эх орондоо буцаж ирсэн хүмүүст ковид-19-ийн тестийг ойрхон давтамжтай хийгдэхгүй байгаагаас карантины хугацаа урт байсаар байна. Тиймээс вирусийн шинжилгээний давтамжийг ойртуулж, хангалттай оношилгоо тест хийж, тархварын судалгааг нотолгоонд суурилан мэдээлэлж, үүн дээр үндэслэн хугацааг 14 хоног болгож богиносгох хэрэгтэй байна. Түүнчлэн гадаадад зардлаа хэмнэх гээд 5, 10-аараа хамтарч нэг байр түрээслэн сууж байгаа хүмүүсийг тус тусд нь нэг нэг өрөөнд нь хөл хорьж байснаас гэр бүлийн нэгжтэй ижилсүүлж үзэн тусгаарлах байруудад хамтруулж оруулснаар мөн л тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн эрсдэл маш бага байгаа Зүүн болон Зүүн өмнөд Азийн зарим орнуудаас ирж буй хүмүүсийн тусгаарлах хугацаа, хэлбэрийг ч өөрчилж болно. Өдөртөө хэдэн мянган хүн халдварлаад байгаа АНУ-аас, хүссэн ч өнөөдөр халдвар авах боломжгүй болтлоо сайжирсан Тайландаас ирсэн хүмүүсийг яг адилхан 35 хоног тусгаарлах нь утгагүй. Түүнчлэн тусгаарлах байрны үнийг төрөөс зохицуулах нь хэрэгтэй боловч, нэг хэсгийнх нь үнийг чөлөөлж, “бизнес класс” маягаар нэмэлт үнийг нь төлөх боломжтой хэсэг хүмүүст, илүү өндөр өртөгтэй зочид буудалд карантилагдах сонголтыг нь өгвөл мөн л карантины байрны хүчин чадал нэмэгдэж болно. Иймэрхүү байдлаар шинжлэх ухаан, тоон мэдээлэл, логикт үндэслэсэн ухаалаг шийдвэр гаргавал гол хязгаарлаж буй хүчин зүйл буюу тусгаарлах байрны асуудлыг илүүтэйгээр шийдвэрлэж болно.
Гадаадад гацсан иргэдийн талаарх мэдээлэл нь “хар хайрцагт” мэт хав дарагдаж, шийдвэрүүд нь илбэдэж буй мэт гарч ирж байгаа нь 21-р зууны төрийн соёлд нийцэхгүй. Энэ нөхцөлд төр хэчнээн сайн ажилласан ч, ямагт хардалт сэрдэлтэд байх болно. Манай төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь ардчилсан, нээлттэй, иргэдтэй харилцан ярилцах чадвартай, ил тод баймаар байна. Тиймээс шийдвэр гаргаж, ажлыг зохион байгуулахдаа гадаадаас буцаж ирж буй иргэдийн саналыг харгалздаг болооч.
Товчхондоо, ковид-19-ийн улмаас гадаадад гацсан иргэдийн хүмүүнлэгийн болон хүний эрхийн энэ хямралыг яаралтай шийдэхийн тулд:
- Нэгт, бодлого журмуудыг өөрчилж илүү оновчтой болгооч.
- Хоёрт, гадаадад гацсан иргэдийг эх орондоо авчрахад шаардлагатай зардалд улсын төсвөөс мөнгө хуваарилж өгөөч.
- Гуравт, гадаадад гацсан иргэд бидэнд мэдээлэл, шийдвэрийг ил тод болгож, бидний амьдралд нэн чухал шийдвэр, төсөв, журмууддаа бидний саналыг тусгаач.
Эс тэгвээс өнөөдрийнх шиг хурдаар гадаадад хоцорсон иргэдээ татаж авбал дахин 5-6 сар болж, энэ хооронд халдварын эрсдэл улам нэмэгдэж, улам олон хүн хохирч, зөвхөн төр төдийгүй Монгол орон тэр чигээрээ даагдашгүй их өрд унасаар байх болно. Аливаа улс орны дунд давхарга нь эдийн засгаа үүрч явдаг. Гадаадад гацсан монголчууд дунд давхаргын маань багагүй хэсэг нь бөгөөд улсынхаа эдийн засаг, бизнес, гадаад харилцаа, худалдаа, оюуны шинэчлэлд томоохон үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Энэ их хүчийг сөхрүүлбэл алсдаа улс орны маань эдийн засаг тэр чигээрээ сөхрөх аюултай.
Шуурхай штаб шуурхай ажиллаж байна, шуурхай ажлыг боломжийн хэмжээнд сайн хийж байна. Гэвч ганцхан сарын цаадахыг харж ажиллахаас гадна, алсаа бодсон арга хэмжээ авах цаг болсон. Одоо арай оройтоогүй байна.
URL: