Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

Хойд-Солонгос-нас-баралтын-төвшингөөрөө-дэлхийд-32-д-жагсдаг-11

Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн байна.
…Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020.04.28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг 4 сараар сунгалаа. Үүний үр дүнд ФАТФ-аас Монгол Улсын үнэлгээг хийж, холбогдох төлөөллүүдтэй цахим хурал зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын үр дүнг танилцуулж байна.

Монгол Улс
2019 оны 10 дугаар сард Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй хамтран ажиллах улстөрийн өндөр түвшний үүрэг амлалт өгсөн. Энэ хүрээнд ФАТФ-ын 2020.06.24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ.

Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
(1) Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
(2) тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;
(3) хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
(4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
(5) санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм.
ФАТФ-аас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.


URL: