Энэ сонгууль нийгмийг өөрчлөх үү?
Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу хүсч байна гээч!
1. Улстѳрийн намуудын талцлаас үүдэлтэй хѳдѳѳ орон нутаг болон Улаанбаатар хотын гэр хорооллын хѳгжлийн гацааг арилгаж, тэдэнд ѳѳрсдѳѳ хѳгжих боломж олгох хэрэгтэй байна
2. Улстѳрд ороод эрх мэдэл боломжоо ашиглан хууль бусаар баяждаг бизнесжсэн тогтолцоог үндсээр нь арилгах хэрэгтэй байна
3. Алив санхүүжилт бүрээс “зуучлал” нэрээр 10 хувийг нь хулгайлан завшдаг цүнх баригчид, тавиул дарга нарын бүлэглэлийг байхгүй болгох хэрэгтэй байна
4. Хууль хяналтын байгууллагуудыг бие биенийхээ эсрэг ѳс хонзон авах, айлган сүрдүүлж дарамтлах “зэвсэг” болгон ашигладаг байдлыг үгүй болгох хэрэгтэй байна
5. Буруу муу үйлдэл нь илрэхээр хариуцлага хүлээхгүйн тулд элдэв арга заль хэрэглэн “бултдаг”, түүгээрээ бардамнадаг байдлыг болиулмаар байна
6. Зѳвхѳн ѳѳрсдийн эрх ашгаа урьтал болгон хуйвалдаж, иргэд болон хүүхдүүдийн амар тайван, аюулгүй амьдрах боломжийг үгүй болгосон нѳхдүүдийг дахин сонгомооргүй байна
7. Бүх зүйл ѳѳрийн байрандаа байхыг буюу сэтгэлтэй улстѳрчид нь тѳрд, луйварчид нь шоронд, авьяастнууд нь ѳѳрийн салбартаа, арчаагүй нь гэртээ байхыг хамгийн ихээр хүсч байна даа
Цѳѳхүүлээ монголчууд бид ѳѳрсдийнхээ ирээдүйн тѳлѳѳ зѳв сонголт хийх цаг ирлээ. 1990 оны “Цагаан морин” жил тайван хүлээцтэйгээр ардчилсан хувьсгал ялуулсан шиг, 2020 оны энэ сонгуульд ухаалаг сонголт хийж, “Алсын хараа”-тай нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй болж байна.
Гэхдээ:
-Бусдын сонгох эрхэнд халдаж, заавал ѳѳрийн сонголтоо тулгамааргүй байна
-Хэн нэгний захиалгаар ѳрѳѳл бусдыг гүтгэн доромжилж, хараан зүхмээргүй байна
-Заавал нам дагаж туйлшрахгүйгээр нийгэмд сайнаар нѳлѳѳлж чадах сайн залуусыг сонгомоор байна
-Аль болохоор талцан маргалдаж, туйлшран хэрэлдмээргүй байна.
-Хувь хүний сонгох, сонгогдох эрх гэж байгаа болохоор хүндэтгэлтэй хандаж сурмаар байна
Бид ямар нийгэмд амьдрахыг хүсч байна, тэр нийгмээ ѳѳрсдѳѳ л байгуулна. Хэн ч тэр нийгмийг бидэнд байгуулж ѳгѳхгүй. Тэгэхээр энэ сонгуульд бидний оролцоо л хамгийн чухал байна даа. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
URL: