Үндэсний аюулгүй байдалд лицензийн наймаа заналхийлж эхэлжээ
-АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Д.БАТХУЯГ ЮУН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ВЭ, ШОРОНД ШОВОЙЖ МЭДЭХ НЬ-
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг Хөвсгөл аймгаас УИХ-д нэр дэвшихээр болсон тул албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн. 2009 онд Ерөнхий сайд С.Баяр Сү.Батболдод суудлаа тавьж өгөхдөө “Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг огцруулж болохгүй. Бусдыг нь чи өөрөө шийд” гэсэн юм билээ. Гэтэл асар их үнэ цэнээр олдсон албан тушаалаасаа яагаад татгалзах болов.
Түүнийг Авлигатай тэмцэх газар “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хууль” гарсны дараа 192 лиценз олгосон хэмээн буруутгаж байсан аж. Мөн Нийслэлийн прокурорын байгууллагаас Д.Батхуягийг Ашигт малтмалын хууль зөрчин 43 тусгай зөвшөөрлийг сэргээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм билээ.
Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг албан тушаалаа ашиглан лиценз дамлан худалдсан, авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байжээ. Тэрээр байдал бишдээд ирэнгүүт УИХ-д нэр дэвших нэрийн дор ажлаа өгч холбогдсон хэргээ нэг тийш нь шийдүүлэхээр болсон гэнэ. Ашигт малтмалын газрын даргын суудалд орлогч дарга Д.Эрдэнэбилэгийн нэр хүчтэй яригдсан аж. Түүнийг Ашигт малтмалын газрын орлогч дарга болохоосоо өмнө лицензийн наймаанд холбогдсон, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцсэн байна.
Үүнээс гадна ЭБЭХ-ны сайд Д.Зоригтод АТГ-аас ирүүлсэн албан бичигтээ Д.Эрдэнэбилэгт хариуцлага тооцуулах талаар шаардлага хүргүүлж байсан юм билээ. Ашигт малтмалын газрын даргын суудал нэг хэсэгтээ эзэнгүй байсаар Геологи, Уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр сонгогдсон байна. Сүүлийн хоёр жил дараалан Мэргэжлийн хяналтын газар, ЭЦГ, АТГ-аас Ашигт малтмалын газрыг шалгаж байгаа юм.
Өнгөрөгч оны сүүлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ, АТГ-аас томоохон шалгалт өнөөг хүртэл орчихоод байна. Өөрөөр хэлбэл “Ашигт малтмалын лиценз олголтын байдал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн” гэж үзсэн аж. Тус байгууллагад ажиллаж буй зарим ажилтны яриагаар “Нэг л өдөр шалгалтынхан орж ирээд мэдээлэл бүхий толгой компьютерийг аваад гарсан. Тэр компьютерт тун чухал мэдээллүүд хадгалж байсан юм. Мэргэжлийн хүмүүсээр сайтар үзүүлбэл ихээхэн хэмжээний баримт мэдээлэл гаргаж чадна. Манай байгууллагын авлига хэдэн саяар биш хэдэн тэрбумаар нь яригддаг зүйл. Шалгалтынхан маш том зүйл рүү орсон. Үр дүн яаж гарах нь сонирхолтой” гэсэн юм.
Ашигт малтмалын газрын мэдээлэл бүхий архивыг хэдэн жилийн өмнө санаатайгаар устгасан аж. Харин өдгөө гадны байгууллагын тусламжтайгаар мэдээллийн архивтай болж байгаа гэнэ. Энэ байгууллагын үе үеийн удирдлагуудаас гадна Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэмээх нууцлаг байгууллагыг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Иргэний хөдөлгөөнүүд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг Оюу толгойн техник эдийн засгийн үзүүлэлтийг батлахдаа ихээхэн хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж байсан билээ.
Монгол Улс 6000 гаруй орд газар илрүүлээд байгаагаас хоёр тэрбум тонн зэс, 3100 тонн алт, 7.55 орчим сая тонн цайр, 150 тэрбум тонн нүүрс, таван тэрбум баррелль газрын тосны нөөцтэй аж. Үүнээс гадна кобальт, вольфрам, молибдени, магни, хром, уран, хайлуур жонш гэх ховор элемент бүхий орд газруудтай гэнэ. Эдгээр ордыг эзэмшихийн тулд лиценз хэмээх эрээн цаас хэрэгтэй. Хэдэн зуун тэрбумаар тоологдох лицензийн наймааг цөөн тооны эрх мэдэлтнүүд л хийдэг гэх юм. Монгол Улсыг аалзны тор мэт хэрсэн 18 мянга орчим лиценз олгогдсон гэхээс гадна зарим нэг иргэдийн гар дээр 200-300 лиценз байдаг аж. БНХАУ-ын компаниуд ашигт малтмалын лицензийг их хэмжээгээр худалдан авах болсон нь улс орны тусгаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэнэ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН
URL: