Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриаллаа

51

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргажээ. Тус газрын даргын А/130 тоот тушаал өнөөдөр гарсан бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталсан байна.

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахалын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм байна.

Энэ өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.


URL: