Т.Өсөх-Ирээдүй: Наадам хийхгүй бол хийсэнгүй гэж хэл ам гаргах үндэс байхгүй
Улсын начин, харцага цолтой бөхчүүдийн халз барилдааныг зохион байгуулагчид болон бөхчүүдийн төлөөлөл олсон орлого болох 5 сая төгрөгөө өнгөрсөн баасан гаригт ХӨСҮТ-д хандивласан. Бөхчүүдийн төлөөлөл иргэдийн эрүүл энхийн манаанд цаг, наргүй зогсож байгаа эмч нартаа зориулж хандив өргөж байгаагаа онцолсон. Улмаар наадмаа тасалдуулалгүйгээр, үзэгчгүйгээр, зөвхөн бөхчүүдээсээ шинжилгээ аваад барилдааныг зохион байгуулж болох юм байна шүү гэдгийг үзүүлэх харуулах зорилготой начин, харцага цолтнуудын халз барилдаан зохион байгуулсан нь амжилттай болсон хэмээсэн юм. Энэ талаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй цөөн хором ярилцлаа.
-Начин, харцага цолтны халз барилдаан бараг 20-иод хоногийн өмнө болсон. Яагаад ийм олон хоногийн дараа хандив өргөж байгааг үзэгчид сонирхож байж магадгүй?
-Өмнө нь бас зохион байгуулж байсан харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдааныг коронавирусээс болж үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос өгсөн заавар зөвлөмжийн дагуу зохион байгуулсан. Тэр барилдаанаас цугласан мөнгөн хандивыг ХӨСҮТ-д хандивлалаа. Барилдаанаас хойш бараг 20-иод хоногийн дараа өглөө. Цаг хугацааны хувьд ингэж удсаныг үзэгчид гайхаж байж магадгүй. Телевизийн төлбөртэй сувгуудаар үзүүлсэн болохоор мөнгө нь ингэж удаж гарч ирдэг бололтой юм байна. Бид бүхний эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмч нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, бөхчүүд хандив өргөсөн юм.
-Ихэнх хандив УОК-т цугларсан. Харин та бүхэн “галын шугаманд” ажиллаж байгаа эмч нартаа зориулж хандив өргөж байгаа нь зөв зүйтэй санагдлаа?
-Бөхчүүд гэлтгүй нийт Монгол Улсын иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж эмч нартаа, эмнэлгийн салбарынхандаа итгэж байгаа. Бид бүгдээрээ эд нарынхаа өгсөн заавар зөвлөмжийг баримталж, хүн бүр, иргэн бүр хариуцлагатай, сахилга баттай байх хэрэгтэй байна. Бөхчүүд ч гэсэн энэ цаг үед иргэнийхээ үүргийг сайн биелүүлж байгаа.
-Долоо хоног бүрийн амралтын өдөр бөхийн өргөөнд барилдаан болдог байсан шүү дээ. Одоо хөл хорио тогтоочихсон. Байнга бэлтгэл хийж, барилдаж байх ёстой бөхчүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бөхчүүд, дан спорт ч гэлтгүй дэлхийн бүхий л салбарт коронавирус ямар нэг байдлаар нөлөө үзүүлж байна шүү дээ. Олимп хойшилчихлоо. Энэ өвчин яах ийх талаар хэн ч тааж мэдэх боломжгүй тийм нөхцөл байдалд байна. Бөхчүүд, тамирчдын хувьд байнгын бэлтгэл, сургуулилалт алдагдах, тодорхой заал танхимын барилдаанаас мөнгөн орлого олж амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан байдал зогссон. Гэхдээ бид бүхэн эрүүл энх байхын тулд энэ бүх хорио цээрийг дэмжээд амьдрахаас өөр замгүй шүү дээ.
-Фитнес, заал хаагаад хоёр гурван сар болсон. Энэ үеэр бөхчүүдийн бэлтгэл бүр тасарсан уу?
-Урин дулаан цаг болж байгаа болохоор цэцэрлэгт хүрээлэнд алхаж, гүйх зэргээр дасгал хөдөлгөөнөө таслахгүй байна. Гэхдээ үндсэн гол бэлтгэлүүд алдагдалгүй яах вэ. Гэхдээ бид бэлтгэлээс илүү эрүүл байх нь л энэ цаг үед хамгийн чухал байна.
-Наадмыг онлайнаар зохион байгуулах шийдвэр гаргаж байна. Бөхчүүд та бүхэн дэмжих үү?
-УОК, Баяр наадам зохион байгуулах комисс ямар шийдвэр гаргана, түүнийг нь л бөхчүүд дагана. Наадам хийхгүй бол хийсэнгүй гэж хэл ам гаргах үндэс байхгүй. Ийм хүнд хэцүү цагт.
-Цаашид онлайн байдлаар үзэгчгүй барилдаан зохион байгуулаад явах боломжтой гэж үзэж байна уу?
-Ер нь бол янз бүрийн хандивын үйл ажиллагаа, урлагийн тоглолтууд онлайнаар болоод л байх шиг байна. Тиймээс болохгүй гэх газаргүй л гэж бодож байна.
URL: