САЙХАН МЭДЭЭ: Хоёр хүн эдгэрч дараагийн хяналтад орлоо

394

ЭМЯ-ны 11:00 цагийн хэвлэлийн хурал боллоо. Хурлын эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл ”Коронавирус дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 5.1 сая өвчилж, 324 мянган хүн нас барсан. Сүүлийн 24 цагт нас баралт 3000-аар нэмэгдсэн. ОХУ-д сүүлийн 24 цагт өвчлөл 8000 гаруй тохиолд бүртгэгдлээ.  Тэр дундаа манай олон аймагтай хил залгаа Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 44, Читид 31 тохиолдол нэмэгдсэн байна. Тиймээс манай хил залгаа Увс, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ аймгийн иргэд анхааралтай байж, гараа сайтар угааж, амны хаалтаа зүүхийг ЭМЯ-аас онцгойлон анхааруулж байна.  Сүүлийн 24 цагт 3 хүн шинээр ажиглалтад орж, 324 хүн эмнэлгээс гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.  Мөн Зоонозын өвчин судлалын Үндэсний төв “Тоёоко Инн” тэргүүтэй зарим зочид буудалд ариутгал хийсэн.  Коронавирусийн тархалтын үнэлгээг хийсэн. Маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Иргэдээс банкны АТМ-ыг халдваргүйжүүлэх хэрэгтэй гэсэн санал ирсэн. Банкны холбооныхон анхаарна биз ээ. Түүнээс гадна, иргэдээс амны хаалт зүүхгүй хүмүүс олширч байгаа талаар гомдол ирсэн” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”2020 оны тавдугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораториудад нийтдээ 403 хүн шинжилгээ хийлээ. Үүнээс 402-т нь коронвирус илрээгүй. Нэг хүнд илэрлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүнд шинжилгээ хийхэд нэгээс нь давтан шинжилгээгээр илэрсэн. 13-нд ОХУ-аас ирсэн сонсогч оюутнуудын нэг. Анх 55 хүнээс илэрсэн. Өнөөдөр нэмэгдээд 57 болж байна.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 42 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь вирус илрээгүй. Сайн мэдээ гэвэл, хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатанд шилжлээ. Хүмүүс 30-40 хоногт эдгэрч байна” хэмээлээ.


URL: