Салхитын ордтой холбоотой шүүгч нарын хурал тавдахь өдрөө үргэлжилнэ
“Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр тавдахь өдрөө үргэлжилнэ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай болон шүүгч нарт Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар буруутган шүүж байгаа юм.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Тодруулбал,
- Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
- Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
- Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Б.Аз
URL: