Манай эмч, эмнэлэг, шуурхай албаныхны ачаалал улам нэмэгдсээр…

Coronavirus 2019-nCoV spreading

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусээр өвчлөгсдийн тоо дөрвөн сая хол давлаа. Хэдхэн сарын өмнө манай улсад ч халдварын анхны тохиолдол бүртгэгдэх үед монголчууд “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг л бужигнасан. Дэлгүүрийн лангууг хоосолж, бараг л хоорондоо зодолдох шахаж байсан.  Гэвч ердөө хоёр сар гаруйн дараа л өвчин гараагүй юм шиг хэнэггүйтэж эхэллээ.  Олон нийт сонгуулийн чих дэлссэн мэдээллүүд рүү анхаарлаа чиглүүлж байх зуур халдварын тоо гурван оронтой тоонд шилжив. Өчигдөр халдварын тохиолдол нэгээр нэмэгдсэнээр коронавирустэй хүний тоо 140 болов.  Дэлхийн тэргүүлэгч их гүрнүүд вирусийн цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байхад хүн ам, хөгжлөөрөө тэдэнтэй энэ тэнцэхүйц биш ч халдварыг дотооддоо алдаагүй хэдхэн улсын нэгээр манайх нэрлэгдээд буй нь сайшаалтай. Бидний эв нэгдэл ч дотооддоо алдагдаагүй байна. Засгийн газар зөв шийдвэрүүдийг хурдан гаргаж,  эрүүл мэндийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажилласны хүч.

Батлагдсан 140 тохиолдол бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Дотооддоо алдаагүй байгаа учраас хэн хүнгүй л санаа амар байгаа байх. Гэвч халдвар дотоодод хэзээ ч хамаагүй тархах эрсдэлтэй болохыг холбогдох мэргэжилтнүүд анхааруулсан хэвээр байна. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа. Манай орны хувьд коронавирусийн халдвар хүн амын дунд голомтлон тархах нь цаг хугацааны асуудал болчихоод байна” хэмээн мэдээллийн үеэр дурьдаад амжсан. Энэ нь бодит байдлын хувьд үнэний ортой байж болох. Коронавирус нь  амьсгалын замын болон бусад халдваруудтайгаа адилхан ерөнхий баримжаатай байгаа нь өвчний нууц үеийг уртасгахад ч нөлөөлж байгаа юм.

Хүн амын дунд өвчин тархах магадлалын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манайх халдварыг одоохондоо тогтоон барьж чадаж байна. Коронавирус амьсгалын замын халдвар учраас бусад амьсгалын замын өвчний үед дэгдэлт хэлбэрээр тархах эрсдэлтэй. Дэлхийг хамарсан цар тахал хэзээ, хаанаас ч тархаж болох тул бид ард иргэддээ халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэсээр байгаа юм” гэж мэдээлсэн.  Мөн тэрбээр гаднаас зөөвөрлөгдөж ирж байгаа тохиолдлууд энэ мэтээр нэмэгдсээр байвал манай эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байх магадлалтай талаар ч сануулж, анхааруулсан.

Халдвар дотооддоо тархаагүй байгаа шалтгааныг бид нэг хэсэг дархлаатай холбон тайлбарласан. Мэдээж монголчууд амьдралын хэв маяг, уур амьсгал, онцлогоос шалтгаалаад дархлаа өндөртэй гэгддэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэвч биднийг дархлаандаа найдан, хэнэггүй алхах бүрт вирусийн эрсдэл гэтэж, дөхсөөр л. ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Төрийн ордонд  хийсэн нэгэн мэдээллийн үеэр “Бидний дархлааны тогтолцоо өвчнөөс хамгаалахад тусалдаг. Гэхдээ бүхэлдээ хамгаалж чадна гэсэн үг биш. Коронавирус туссан хүмүүс дахин өвчлөх магадлал ч байна. Харин сэргийлэлт, хамгаалалтын арга хэмжээ нь зөвхөн биднийг биш гэр бүл, цаашлаад улс нийгмийг хамгаалахад чиглэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Удахгүй зун болж, хүмүүсийн гадагшаа гарч, амрахыг хүсэж байгааг ойлгож байна. Тэгж болно оо. Гэхдээ коронавирусийн халдвар дуусчихаагүй байгаа. Ийм үед хэзээ ч тайвширч болохгүй” хэмээн монголчуудын дархлаандаа найдах хандлагаа эргэн харж, сэрэмжлэхийг сануулсан.

Манай улс дотоодын аюулгүй байдлыг хангахын сацуу халдварын голомт болон тархалт идэвхитэй нэмэгдэж байгаа улс орнуудаас өөрийн орны  иргэдээ авч ирэх зоримог болоод хүндхэн шийдвэрийг гаргасан. Элчин сайдын яамны үүдэнд дугаарлан эрхээ авсан иргэддээ зориулан тусгай үүргийн онгоцыг нисгэсээр буй. Өчигдөр л гэхэд эх орондоо ирэх хүсэлт тавьсан 170 иргэнийг авч ирэхээр Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц ниссэн. Тусгай үүргийн онгоц нисгэж байгааг “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар “Эх орондоо иргэдээ авч ирэх нь буруу биш. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын даац маш муу. Өвчний үед хамгийн хэрэгцээтэй амьсгалын аппарат байхгүй тохиолдолд хүн үхэх, сэхэхийн зааг дээр тулна. Энэ нь ч дутагдалтай байгаа. Ийм ойрхон зайтай нислэгүүдийг үйлдэж болохгүй. Харин тусгай үүргийн онгоцуудын нислэгийн зайг холдуулж, ачааллаа хянах боломжийг олгох хэрэгтэй. Эхний хүмүүс тусгаарлалтаас гарахад дараагийн хүмүүс ирэх жишээтэй. Иймд вирусийг дотооддоо алдахгүйн тулд дан ганц эрүүл мэндийн салбарын түвшинд бус, УОК, засгийн газрын түвшинд бүх л арга хэмжээг авах хэрэгтэй” гэсэн юм.

Мэдээж ийм хүнд нөхцөлд иргэдээ орхиогүй төрийн бодлого сайшаалтай. Гэвч эрүүл мэндийн салбарын хүч бололцоогоо бодолцсоны үндсэн дээр тусгай үүргийн онгоцоо түрхэн азнавал ямар вэ.  Долоон тэрбум хүн амтай Хятад улсад  80 мянга гаруй хүн халдвар авч, 4 мянга гаруй нь амь насаа алдаад буй. Тэдний хувьд энэ үзүүлэлт нь хүн амын тоондоо харьцуулвал цөөн тоо мэт сонсогдож байж болох. Харин бид цөөхүүлээ гэдгээ мартах ёсгүй. Нэг хүний эрдэнэт амь ч үнэтэй. Манай улсад коронавирус тархах нь цаг хугацааны л асуудал болчихоод байгаа энэ үед нэг л эхэлвэл түүнийг тогтоон барихад хүндрэлтэй. Гэтэл бидний нөөц, боломж бололцоо хангалттай байгаа талаар дахин бодолцож үзэх нь зүй. Иймд дотоодын нөөц, хүч, бэлэн байдлаа авч үзвэл чартер нислэгээ түр зуур зогсоох хэрэгтэй байна. Ядахдаа батлагдсан тохиолдлуудын тал хувь нь эдгэрч, яам ачааллаа багасгасны дараагаар чартер нислэгээ үргэлжлүүлэн үйлдэх боломж нээлттэй. Хэрэв гадаадад байгаа монголчуудын нөхцөл хүндэрвэл улсын зүгээс дэмжлэг, туслалцааг нэг удаа гаргаад өгөхөд гэмгүй. Энэ нь дотоодын аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, бодит байдлаа хяналтад байлгахад ч дөхөм болох биз ээ.

 

Тайвшрах цаг болоогүй иргэд ээ. Цар тахал хэзээ нүүрлэхийг бид хэлж мэдэхгүй. Муу амласан байж болох ч өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг юм хойно. Эрүүл мэндийн яам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж бүрийг хэрэгжүүлэхээ бүү мартаарай.

Амны хаалт зүүх+гараа угаах+ гадуур гарахгүй байх+ эерэг хандлагыг түгээх= Хамгаалалт

Zaluucom.mn


URL:

Tags: