Ц.Гарамжав: Залуу үеэ дэмжиж өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна

2E99065D-E799-4E47-A083-95DDE3737CF0

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр, “Өөрийн хүсэлтээр нэрээ татаж байгаа. Заавал 4 жил тутамд нэрээ дэвшүүлэх шаардлагагүй. Хийсэн бүтээсэн үүргээ биелүүлсэн гэж үзвэл дараа дараагийн хийх ажлууд байна. Хамгийн гол нь УИХ-д орж үзэх сонирхолтой залуу үеийнхэн их байна. Залуустаа боломж олгох ёстой гэж бодоод нэрээ татсан юм. Тэдгээр хүмүүс нь ажил мэргэжлээрээ шилдэг, эх оронч, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс орж ирээсэй гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд бид 35 зүйл заалтыг шинээр оруулж өгсөн. 28 жилийн хугацаанд дутагдаж байсан эдийн харилцаанд том заалтуудыг оруулж өглөө. Ялангуяа байгалийн баялгийн сантай болох асуудал байсан. Ирээдүй хойчдоо хөгжлийн даатгал болох сан хэрэгтэй байсан. Үүнийг үндсэн хуулиндаа оруулж өгсөн.

Монгол улс ашигт малтмалын хэд хэдэн том ордуудтай. Эдгээр  ордуудын дийлэнх ашиг нь ард түмэнд үлдэх заалтыг үндсэн хуулинд оруулж өгсөндөө баяртай байгаа. Би Их хуралд ажиллахдаа найман хууль санаачиллаа. 20 гаруй хуулийн хэсэгт заримыг нь ахалж, заримд нь орж ажилласан.” гэлээ.


URL: