Д.Нямхүү: ТАВАН хүн эдгэрч, коронавирусийн шинэ тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ОХУ-д 24 цагийн дотор 9974 хүн шинээр халдвар авсан байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан ирлээ. Дархан тусгаарласан. Улсын хэмжээнд 1619 хүн ажиглалтад байна. Шинээр 400 хүн ажиглалтад орж, нийт 1619 болов” гэж хэлэв.
ХӨСҮТ-ийн ерөний захирал Д.Нямхүү ”Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарлаа. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлж байна. Таван хүний 4 нь 20-21 насны оюутан, нэг нь 50 насны эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь 25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа. 98 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаж, 78 хүн эмчлүүлж байна. Үүнээс нийт 20 хүн эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийсэн. Бүгдэд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтсан болно” гэв.
URL: