Тайландад гацсан Монголчууд хүнд байдалд оржээ
Тайландын Вант улсад 150 гаруй монгол иргэн хөл хорионд оржээ. Зүүн өмнөд азид гацсан иргэдээ Тайландаар дамжуулан авахыг хүссэн иргэд Улсын онцгой комисст хандсан байна. Хөл хорионд орсон иргэдийн дунд “Бумрунград” эмнэлэгт үзүүлэхээр очсон жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй хүмүүс ч байгаа аж. Одоогоор КОВИД-19-өөр өвчилсөн монгол иргэн Тайландад байхгүй ч ихэнх нь идэх хоолгүй, орох оронгүй болсон ба Тайландад цагийн ажил хийж, мөнгө олох боломжгүй тул байдал хүнд байгааг хүсэлтдээ дурьджээ. Тайландад байгаа монгол иргэдийн Улсын онцгой комисст гаргасан хүсэлтийг хүргэж байна.
Монгол Улсын Онцгой комисст хүсэлт илгээх нь
Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 150 гаруй иргэд тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо харин итгэл алдарч байна. Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байгаа юм бол. Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ. Тайландад гацсан монголчууд бид урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж, иргэдээ авсан. МИАТ Бангкокийг тойрч нисээд монголчууд бид л үнсэнд хаягдсан шалз шиг торойгоод хоцорсон.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын ээж тэргүүтэй 20 гаруй Тайландаас буцаж чадсан талаар энд байгаа монголчууд маань ярьж байгаа. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна.
“Бумрунград” эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч олон бий. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран, сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж, амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна. Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аврахыг хүлээж байна.
Зүүн өмнөд азид гацсан, хаягдсан иргэдээ Тайландаар дамжуулан татаж авах хүсэлтийг тавьж байна. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байгаа. Тайландад бусад орон шиг ажил хийж, мөнгө олох ямар ч боломжгүй.
Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоо руу орж, сүүлийн долоо хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авсан гэх мэдээлэл байна. Бангкок хот хөл хориогоо тавьж, гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Баар, цэнгээний газраас бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн.
Энд байгаа монголчууд хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд байлаа. Өвдсөн хүн байхгүй. Бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг COVID-19 тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд 250 ам.доллароор тест хийлгэх хэцүү байна. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь бүү туйлдуулаач.
Тайландад байгаа монгол иргэд
URL: