Э.Бат-Үүл айв уу, З.Энхболд эмээв үү

131

 

УИХ-ын сонгуульд бие даан  өрсөлдөх хүмүүс Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өнгөрөгч сарын 24-ний өдөр өгсөн. Тэр үеэр Нийслэлийн Засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл бие даан нэр дэвших нь тодорхой болсон юм. Тэр өдөр Э.Бат-Үүл баатар “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ”  гэж мэдэгдэж байлаа. Твиттер хуудсаараа ч гэсэн “Зи-г зайлуул гэж сануулсан байх аа” хэмээн “агсарч” байсан тэрбээр өчигдөр гэнэтхэн бодлоо өөрчилсөн гэдгээ дуулгав.

Өөрөөр хэлбэл, АН-ын дарга ахлах зөвлөх, З.Энхболдыг “амалж” буйгаа больж, МАН-ын удирдлагуудыг “ирүүл тулаан”-д дуудав.  Мань эр “Миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт, тэр тусмаа гэр хороололд, “Грандлайн” компанийн дахин төлөвлөлт хийсэн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна” хэмээв. Үндсэндээ шоу хийж, өөрийгөө анхаарлын төвөөс гаргахгүй байх тактик хэрэглэж байгаа хэрэг.  Түүний уриалсан, дуудсан, амласан зоргоор хэн нэгэн нь тойргоо солиод, хав дөрвөлжин барилцана гэж ч юу байх билээ.  Харин Улсын баатар маань Баянзүрхэд нэр дэвшинэ гэдгээ битүүхэндээ хэлчихэв үү дээ. Уг нь хаана өрсөлдөхөө хэлэхгүй, “амалсан” Зи нь айгаад өөр тойрог руу явихна гэсэн утгатай юм ярьж байсан нь саяхансан. Нэгэнт ам “бөх”-өө өөрчилж байгаа болохоор хамаагүй өрсөлдөхөөр санаархаж байгаа тойргоо зарлая гэж шийдсэн юм байлгүй.

Харин тэр яагаад улаан галзуу “мөргөх”-өөр дайрч байсан З.Энхболдыгоо “уучлав” гэдэг нь сонирхолтой байна. Өчигдөр тэрбээр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёрын дайралт хэрээс хэтэрсэн учраас тэдэнтэй шударгаар өрсөлдөхийг уриалж байгаа хэмээн хариулсан юм.  Яг нарийн учир үүнд байв уу.  Шүүхийн асуудал байгаа нь байгаа, ганц нэг нэвтрүүлэг энэ тэр ч гарсан, түүний талаар. Мэдээж сөрөг мэдээлэлтэй. Гэхдээ тэрүүхнээс болоод эрх баригч намын удирдлагууд руу асаж, эхнийхээ “тулаан”-аас эвтэйхэн бултаж байгаа нь нэгийг өгүүлж байх шиг.

Үүний цаана Э.Бат-Үүл айв уу, З.Энхболд эмээв үү гэдэг асуулт гарч ирнэ. Нэгэнт л сонгуульд өрсөлдөж байгаа хүн УИХ-ын гишүүн болох л зорилготой. Түүнээс биш нэг хүнийг “дэгээдээд”, хоёулаа шороо манаргаад унахыг хэн хүсээ аж.  Тиймээс арай л хатуу “ам авч” буйгаа ойлгосон Улсын баатар маань сонголтоо эргэж нэг харсан байх. Тэгээд ч тэгтлээ их занасан “жинхэнэ дарга” нь Дархан руу явах сураг гараад байгаа. Магадгүй Өвөрхангайг ч зорихыг үгүй гэх газаргүй.  Үүл баатрын хувьд хөдөө очвол ногоон гэрлээр гарчихна гэсэн баталгаа байхгүй.  Тиймээс хотдоо, аль нэг тойрогт, тэр дундаа олон мандаттай газар өрсөлдвөл сонгогдох магадлал өндөртэй гэж тооцсон байх.  Ингээд л Зи “найз”-аа уучлаад, “чоно үүрэндээ” гэгчээр хотоо тойлохоор шийдсэн болов уу.  Нэг ёсондоо Э.Бат-Үүл баатар айж.

Эсвэл З.Энхболд эмээсэн ч байж болно.  Тэр Дарханд байна уу, Өвөрхангайд ч юм уу, эсвэл хотод өрсөлдлөө гэж бодъё. Тэнд нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл очоод, бие дааж өрсөлдлөө.  АН-ын лидерүүдийн тоонд орохоор хоёр хүн саналаа хувааж л таараа. Өөр санал хуваах хүн ганц нэгээр дуусахгүй. Ингээд л АН-ын лидер З.Энхболд ч, бие даагч Э.Бат-Үүл ч дахиад дөрвөн жил чуулганы танхимыг зурагтаар харах магадлал өндөр. Тиймээс Үүлийгээ ингэж дөвчигнөхөө боль гэж зөвлөсөн ч юм бил үү.  Шүүхийн асуудлыг нь нэг тийш нь болгохыг санал болгосон ч байж болох л юм.  Ингээд л хууччуул “тулаан”-ы талбарт халз тулгарахаас зайлж, өөр өөр учраатай үзэхээр болсон байж ч болно.  Хэрвээ тийм бол АН-ын томчууд эв зүйгээ олсон гэсэн үг, сайхан л хэрэг. Магадгүй Э.Бат-Үүл баатар сонгуульд ялчихаад, намдаа эргээд орох ч юм бил үү.

http://www.zaluucom.mn/read/4b0ec543c

Эх Сурвалж: Zaluu.com


URL: