Эрээнд 800 гаруй монгол эмэгтэй биеэ үнэлж байна

ТЭД ЭХ ОРОН, ЭР НӨХӨР, МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭ ГАЗАР ДООГУУР ОРТОЛ МУУЛЖ ЯВНА-
Зах зээлийн шилжилтийн үед нийслэлийн төв буюу Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн биеэ үнэлэгчдээр дүүрч, хажуу хавиргаараа өнгөрсөн эр болгоныг бараг л татаж чангаан явуулдаггүй байлаа. Ардчилал тэдэнд жинхэнэ эрх чөлөөг нь олгосон хэрэг. Цагдаагийнхан байсхийгээд л “янхан” гэгч аян зохион байгуулж тэднийг баривчлан ачина. Түр саатуулах 72-т суулгана, тэглээ гээд тусыг олоогүй. Цагийн аясаар худалдан авагчгүй болсноор нэг юм цөөрсөн. Гэхдээ л биеэ үнэлэгчдийн дараагийн шинэ үе тэр хавиар ажилласаар л байгаа. Харин биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүдийн шинэ үе Эрээн рүү нүүдэлжээ.
Одоогоор Эрээнд 800 орчим монгол эмэгтэй биеэ үнэлж байгаагийн 80 гаруй хувь нь 20-28 насныхан аж. Тэнд 18-тай, гуч гарсан, дөчин хүрсэн эмэгтэй ч байна, гэр бүлээрээ буюу ээж нь 2 охинтойгоо “ажилладаг” юм байна.
Эхэндээ биеэ үнэлэгчид жижиг буудлуудаар байрлаж нууцаар “явдаг” байсан бол одоо ичих, айх юу ч биш цагаандаа гарчээ. Эрээний төвд, хааш хаашаа томоохон буудлууд олноор төвлөрсөн хэсэгт тусгай байранд “ажилладаг” болсон байна. Тус байр нь гаднаасаа буудал гэж харагдахааргүй, том том шилэн ханатай бөгөөд нэг давхрыг нь уулзалтын маягаар зассан, дээд давхрууд нь буудлын өрөөнүүд байна. Биеэ үнэлэгчид тэрхүү уулзалтын заалнаас худалдан авагчдад сонгогдон “ажилдаа гардаг” байна. Эмэгтэйчүүд хүн хүлээж байгаа байдалтай өдөржин нэг давхрын зааланд хуруу хумсаа оролдон, нүүр нүдээ будан суух аж. Азтай юм уу, “ажлаа” сайн хийдэг нь илүүтэй, олон удаа сонгогдоно. Цаасан дээр бичигдээгүй ч хөөрхөөн журам, ханштай. Тус байрныхаа дээд өрөөнүүдэд үйлчилгээ үзүүлбэл тэд хоногт 300 юань, цагаар бол 100, өөр буудал руу захиалгаар явж үйлчилбэл хоногт 500, цагт 200-300 юань. Хэрхэхийг мэдээж мөнгө төлөгч л шийднэ. Эрээнд удаж байгаа эмэгтэйчүүд гайгүй буудалд өрөө олон сараар нь түрээслэсэн амьдардаг юм байна.
Тэднийг нааш цааш зөөдөг таксиний жолооч өвөрмонгол эр “тэнд биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүд байнга улс орон, монгол залуусаа муулж, “бид аргагүйн эрхэнд Эрээнд ингэж явна даа” хэмээн биеэ өмөөрч ярьдаг байна. Мөн монгол хүүхнүүд байнга хэл ам гаргадаг, хэд гурваараа маш их архиддаг, согтохоороо агсам согтуу тавьдаг, хоорондоо үсдэлцээд зодолддог, аймаар, таксиныхаа мөнгийг өгөхгүй” гэж хэрэлддэг гэж ярив.
Харин тэнд биеэ үнэлдэг хятад хүүхнүүд цөөхөн л байдаг гэнэ. Мөнөөх жолоочийн ярьснаар бол хятад хүүхнүүд нь ичихээ мэддэг, биеэ үнэлдгээ нуух гэж оролддог, тэгтэл монгол хүүхнүүд болохоор ерөөсөө ичнэ айна гэж байхгүй, гурав дөрвөөрөө нийлэхээрээ бүр орилж хашгирч, таксины цонхоор гайгүй эр хүн харчихвал “бууя бууя” гэж орилоод л, танай монгол охид аймаар аймаар гэж толгой сэгсрэн халаглахыг бодвол Эрээнд биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүд маань эрээ цээрээ алдан, эх орныхоо нэрийг гутаадаг бололтой.

Ингээд тэдэн дотроо ахмад нь гэмээр нэгэн эмэгтэйтэй бид таксиний жолооч болж жүжиглэн ярилцсан юм.
-Та энд хэдэн жил болж байна?
-Гурав дахь жилдээ.
-Шалгалт энээ тэрээнд байнга зовоогоод хэцүү байдаггүй юм уу?
-Тийм сүртэй шалгалт байхгүй ээ, тэгээд ч паспортын зөрчилгүй л бол тэр ямар хамаатай юм бэ? Хүн гэдсээ тэжээхийн тулд юу хийх нь хэнд хамаатай юм бэ.
-Миний сонссоноор байнга шалгалт явагддаг, монголчууд ихэнх нь зөрчилтэй байдаг гэсэн. Зарим нь поспортын хугацаагаа дууссаныг ч мэддэгүй явж байдаг гэсэн ш дээ?
-Тийм юм гарч л байдаг. Залуу охидууд мөнгөтэй хятад дагаад Хөх хот руу ч юм уу, Эрээнээс гараад явчихдаг. Тэгж яваад хугацаа нь хэтэрсэн, сунгалт хийгдээгүй ч гэдэг юм уу зөрчил гардаг гэнэ лээ. Тийм охидууд дандаа согтуу, агсам тавьж байгаад баригдаж балардаг юм.
-Бас архи ууна аа, хүний нутагт айдаггүй юм уу?
-Юунаас айх юм бэ, уухгүй тэгээд юу хийх юм бэ. Энд харин ч ууж л сурдаг байхгүй юу.
-Яагаад, сэтгэлээ онгойлгож байгаа юм уу, эсвэл уухыг шаардаад байдаг юм уу?
-Зарим нь шаарддаг, бүүр аймаар хөгшин хужаатай унтахын тулд жаахан тахахгүй бол онцгүй л дээ.
-Тэгэн тэгэн, энд байх ямар шаардлага байна аа, нутаг руугаа яваач. Монголд хүүхэд, ар гэр чинь байгаа биз дээ?
-Байхгүй ээ, би энд охинтойгоо байгаа. Нөхрөөсөө салаад удаж байна. Намайг гэх хүн байхгүй. Улаанбаатарт хийх ажилгүй, гэр оронгүй над шиг хүнд энд диваажин л гэсэн үг. Даарахгүй, өлсөхгүй, өмсье гэснээ хямдхан авчихна. Ар тийшээ татлаагүй болохоор нэг бодлын амар. Уг нь настай ээж минь байдаг л юм.
-Ээжтэйгээ холбоо барьдаг уу? Уулзалгүй хэр удаж байна?
-Холбоо барьдаг. Гурван сар болоод хот /Улаанбаатар. сурв/ орохоороо будаа гурилыг нь аваад өгчихдөг.
-Охин чинь энд ирээд удаж байна уу?
-Таван жил
-Өө, танаас өмнө ирсэн юм байна, тийм үү?
-Эрээн яваад бараа авчраад хоёулаа зарнаа гээд гарсан, алга болчихсон, тэгээд би араас нь ирсэн чинь….
-Тэгээд яасан гэж, хамт биеэ үнэлэхээр болсон уу?
-Тэгэхээс өөр яахав дээ, Улаанбаатарт юу… тэнд ямар ч амьдрал байхгүй…
-Энд тэгээд дажгүй мөнгө олж байна уу? Хоёулаа болохоор мөнгө цуглуулж байгаа байх даа?
-Арвитай юм олдоггүй ээ, яахав, шөнө өнгөрөөх газартай, хоолтой. Жаахан цуглуулсан юмаа хот орж ээждээ жаал жуул юм авч өгдөг.
-Энд байгаа охид мөнгөө цуглуулж чаддаг болов уу? Бүүр өрөвдчихлөө.
-Чадахгүй ээ, гоёж гоодоод, уугаад дуусгадаг ш тээ.
-Хүн авахгүй бол энэ зааланд суугаад л байх уу?
-Тэгнэ. Гэхдээ гайгүй ээ, Эрээн рүү орж ирж байгаа хятадууд гэж шороон түмэн юм чинь.
-Элдэв өвчин энэ тэр авчихдаггүй юм уу?
-Хужаа нар чинь тэр тал дээрээ арчаатай юм байна лээ. Манай охидууд л Эрээнд эрчүүдээ үзлэгээр оруулаад өвчтэй бол эмчилж, Монголыг бодвол нутаг руу нь явуулдаг, тэгэхээр санаа зоволтгүй гээд л байдаг ш тээ.
-Уучлаарай, нөхөр чинь та 2-ыг ингэж явааг мэддэг болов уу?
-Тэр муу новш мэдсэн ч яадаг юм бэ.
-Яагаад, таныг их л гомдоосон юм аа даа?
-Гомдоохоор барах уу, угаасаа монгол эрчүүд хөгийн ш дээ, жаахан мөнгө олоод, боломжтой болоод ирэхээрээ л хүүхэн эргүүлээд… ёстой арчаагүй. Тийм болохоор л энд нөгөө мисс болохоор сайхан сайхан охидууд бөөн бөөнөөрөө байгааг чи харахгүй байна уу? Бүгдээрээ дор дороо гомдолтой, аргагүй байдлаас ингэж явж байгаа ш дээ.
-Үгүй байх аа, амар аргаар мөнгө олох гээд…
-Чи юу мэддэг юм бэ, намайг буулгаадах, хүн шалгаах хэн юм бэ, чи.

Тэрээр амар аргаар мөнгө олох гэдэг үгэнд нэлээд эгдүүцэн уурлаж бидний яриа дууслаа.
Тэнд 2 хонохдоо жолооч өвөрмонгол эрийн зааж өгсөн буудал орчмоор явахад нэг алхаад л биеэ үнэлэгч монгол эмэгтэй таарна. Ямар сайндаа монголчууд бид чинь юун 2.7 сая, аль хэдийн 5 сая болчихсон биш биз дээ хэмээн бодогдож явлаа.
Юутай ч Монгол улсын ирээдүйн иргэний эх болох охид эмэгтэйчүүд маань хүний нутагт хэдэн зуугаараа биеэ үнэлж, архидан согтуурч, эх орон, эр нөхөр, монгол эрчүүдээ газар доогуур ортол муулж явна.
Эмс садарлавал үндэстэн мөхнө гэдэгсэн. Яана даа.


URL:

Сэтгэгдэл бичих