Г.Баатархүү: Ч.Чинбат хурандаа Н.Өнөрцэцэгийн биед халдаагүй нь тогтоогдсон

418

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат 4 сарын 17-нд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан тухай zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн zarig.mn-аараа дамжуулан цацсан. Тэрбээр “Манай сайтын зүгээс ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу энэ сарын 17-нд Ч.Чинбат хурандаа надаас мэдүүлэг авах үеэр миний биед халдсан.Ч.Чинбат хурандаа намайг намайг түлхэж, цохиж өрөөнөөсөө гарахын шаардсан. Улмаар миний утсыг булааж авсан. Энэ үеэр гаднаас Цагдаагийн ажилтан орж ирсэн. Намайг зодуулсан бичлэг тархсаныг хараад миний эрхийг хамгаалахаар орж ирж байгаа юм байна гэж ойлготол Ч.Чинбат хурандаа ажил үүргээ явуулахад саад болсон гээд дуудчихсан байсан” гэж мэдээлсэн.

Харин ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат: ” Болсон үйл явдал, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Манай байгуулага дээр Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг сэтгүүлч нарт холбогдох “халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл түгээсэн” гэх асуудал шалгагдаж байна. Хууль, журмын дагуу хэрэг бүртгэлийн ажил хийгдэж шалгагдаж байна. Хоёрдугаарт, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг гэдэг хүнийг би өрөөндөө огт дуудаагүй. Түүнийг өрөөнд дуудаж гар хүрээгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Тэр хүн өөрөө өрөөндөө орж ирсэн. Миний удирдлага дор ажилладаг алба хаагчийн шалгаж байгаа гомдол мэдээлэл, хэрэгтэй холбогдуулан хууль бусаар нөлөөлөхийг оролдсон.  Миний зүгээс  хуулийн зүйл заалт буюу  хариуцлагыг наймалцаж, тохиролцоо хийдэггүй гэж хэлсэн. Энэ үгийг хэлэхээр маш ихээр урлаж, эрээ цээргүй ааш авир гаргасан. Миний зүгээс хэрүүл маргаан гаргах хэрэггүй гэж хэлж,  албаны өрөөнөөс гарах шаардлага тавьсан. Түүнийг биелүүлээгүй. Чиний булайг дэлгэнэ гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн.  Би албаны өрөөндөө үйл ажиллагаа хэвийн явуулж байсныг маань тасалдуулж, саад учруулсан. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу шаардлага тавьж, биелүүлээгүй учир өрөөнөөсөө гаргасан” гэсэн байдаг.

Arslan.mn

Тэгвэл  өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Баатархүү: ” Ч.Чинбат хурандаа сэтгүүлчийн биед халдаж зодсон асуудал байхгүй.Н.Өнөрцэцэгийг өрөөнөөс гарах шаардлага тавьсан юм билээ. Гэтэл Н.Өнөрцэцэг хаалганы бариулнаас зүүгдэж гарахгүй хэмээн зөрүүдэлсэн. Ч.Чинбат хурандаа Н.Өнөрцэцэгийн гарыг хаалганы бариулнаас тавиулахад хүч хэрэглэж зодлоо хэмээн бичлэг хийсэн. Дүгнэлтээр цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн, шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадлага хэрэглэсэн. Албадлага хэрэглэн өрөөнөөс гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй. Мөн сэтгүүлчдийн биед халдсан, гар хүрсэн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь камерийн бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж тайлбарлалаа.

Э.Солонго


URL: