100 хоногийн хугацаанд 46,000 хүн ажилгүй болжээ

  • 11319
  • Хувийн хэвшил гурван сарын хугацаанд шүд зуун тэссэн боловч өнөөдөр тэвчээр барагдаж, өөрийгөө авч явах тэнхэлгүй болжээ
  • Аж ахуйн нэгжүүд хүндрэл орж, хямралын өмнө сөгдөж, сөхөрч байгаа учраас ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгааг танхимын зүгээс мэдэгдсэн. Бүртгэлгүй ажилгүйдэл энэ сараас гэрлийн хурдаар өсөж мэдэх нь

Хөл хорио тогтоосноос хойш хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрс хумигдаж, худалдаа, үйлчилгээний салбар хамгийн хүнд цохилтод өртөөд байгаа. Тодруулбал, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 46 мянган хүн ажилгүй болжээ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар засаг төр эдийн засгийн хүндрэлийн эсрэг дорвитой арга хэмжээг цаг алдалгүй цаашид авахгүй бол 260 мянган хүн ажлын байраа алдахаар байна. Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг дангаар бүрдүүлэх хувийн хэвшил гурван сарын хугацаанд шүд зуун тэссэн боловч өнөөдөр тэвчээр барагдаж, өөрийгөө авч явах тэнхэлгүй болжээ. Тиймээс тавдугаар сарын 1 буюу өнөөдрийг ажлын байрны өдөр болгон зарлаж, цахим жагсаал хийхээ мэдэгдэж, үүгээр тэмцлээ эхлүүлж байна. Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 134 жилийн дараа МҮХАҮТ COVID-19 цар тахлаас үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн төр засагтай хамтран даван туулахыг уриалж, “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалд нэгдэх санаачилга гаргалаа. Сая хүнийг ажлын байраар хангах хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд том жижиггүй үйл ажиллагаа нь хэдийн доголджээ. 1500 компанийн дунд явуулсан түүвэр судалгаагаар 9000 орчим хүнийг нэмж цомхотгохоос аргагүй байдалд хүрснээ аж ахуйн нэгжүүд учирлажээ. Аялал жуулчлал, тээвэр, зочид буудал, нийтийн хоол, худалдаа, барилга, хөнгөн үйлдвэрлэл тэргүүтэй эдийн засгийн эрчийг тодорхойлох эдгээр салбарын аж ахуйн нэгжүүд ажилтнаа цөөлөх, салбар нэгжээ хаах дээрээ тулаад байна. Цар тахлын эсрэг авсан хөл хорио аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувьд нь хамгийн их нөлөөлжээ. Өнөөдөр төрд болон олон улсын байгууллагад ажилладаг хүмүүсийг эс тооцвол нийт өрхийн орлого буурч, худалдан авах чадвар нь ердийн үеийнхээс хэд дахин доройтжээ. Ажлын байраа хадгалахад тулгарч байгаа нийтлэг бэрхшээл нь орлого буурснаас үүджээ. Мөн үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн нь ажилтнаа цомхотгох шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Эдийн засгийн “эрүүл мэнд” муудсаар байгааг гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөх үетэй харьцуулахад 30 гаруй хувиар буурснаас харж болох юм.

Өөрөөр хэлбэл, өрхүүд хэрэглээгээ хамгийн багадаа 30, 40 хувиар танасан гэж эндээс дүгнэхээр. Бизнесүүд хүндэрч, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ тэр хэрээр нэмэгдэж болзошгүй. Санхүүгийн зах зээлийн өнөөдрийн хөгжлийг тодорхойлж, ачааны хүндийг үүрч буй банкны салбарын зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөгтэй тэнцжээ. Үүний 15.1 их наяд нь төгрөгийн зээл байна. Зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан бол хугацаа хэтэрсэн зээл 120 тэрбум төгрөгөөр өсжээ. Боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. Аж ахуйн нэгжүүд зээл шинээр авах нь битгий хэл авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд байгааг дээрх тоонууд илтгэнэ. Бараа бүтээгдэхүүн нь зарагдахгүй, борлуулалт унасан нь зээлийн чанараар шууд илэрч байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн сард ажилгүйдлийн түвшин 8.1 хувьтай гарсан. Тэгвэл энэ сарынх үүнээс илүү өндөр гарахаар байна. Аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, хямралын өмнө сөгдөж, сөхөрч байгаа учраас ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгааг танхимын зүгээс мэдэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага бүртгэлгүй ажилгүйдэл энэ сараас гэрлийн хурдаар өсөж мэдэх нь. Албан ёсны тоогоор ажил хайж бүртгүүлсэн иргэд 30 гаруй мянгаар хэмжигдэж байсан. Тэгвэл ирэх өдрүүд энэ тоо хэдэн дахин нугарах эрсдэл бизнесийн орчинд нүүрлэжээ. Өнгөрсөн сарын байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 190.5 мянган хуулийн этгээдээс 49.7 хувь нь үйл ажиллагаа явуулж байсан. Харин энэ сард уг үзүүлэлт өөрчлөгдөх нь тодорхой боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


URL: