Хайрлан шатахсан
Бадамдоржийн Ганчимэг хэмээх бүдүүн хадуун, эршүүд эгчийг Монголын сэтгүүл зүйн салбарынхан андахгүй. Ширээн дээр минь түүний “Урьдынхаараа би өвлийг угтана”, “Good bye my love” хэмээх яруу найргийн хоёр ном дэлгээстэй байна. “Ээж бид хоёр” гэх мэт утга уянгын нийтлэлүүдийг нь багадаа ихэд шимтэн уншиж эл чадварлаг сэтгүүлчийн “амтанд” орж байсан боловч түүнийг яруу найрагчийнх нь хувьд өөртөө их л хожуу нээж байна уу даа гэсэн бодол яг одоо төрж байна.
Тэнд
Эр минь
Гэр минь бий
Тэнд
Үүр байр минь
Үр минь бий
Тэр гүүрний цаана…
… Тэнд
Тагтан дээр
Толбо нь бүдэгхэн ч ичмээр
Том цэнхэр орны даавуу өлгөөтэй бий…
Мань хүн уншигчиддаа өөрийн амьдралаа дэлгэжээ. Нууцгүй Ганаа… Түүнийг өргөмөл хүүхэд гэдгийг нь “Ээж бид хоёр” нийтлэлээс нь мэднэ. Тэрээр арван жилийн тууз нь намирсан гэнэн охин явахдаа ахлах ангийнхаа хүүд дурлан, “хайрлан шатаж” явав. Гэвч жижигхэн үл ойлголцол хайртай хоёрын тунимхай салхийг хөөрөгдчихөж.
Зүүд нойронд ирэхийн цагтаа
Зөөлөн сэвшээ салхи шүү би
Үнэрээн орхиод нисэхийг хүсдэг
Үес үесхэн салхи шүү би…
… Шанхны чинь үсээр гижигдэх
Зүггүй цэнхэр салхи шүү би
Санчиганд чинь л бударч хоцрох
Зүйргүй энхрий цас шүү би.
Ингээд л онц сурлагатан Ганчимэг хайрлан шатсан, шаналсан, гэгэлзсэн, эвлэрч, хүлээсэн “муу сурлагатан” охин болж. Хүүхдүүд их сургуульд мордож, харин тэр бөглүү хязгаартаа гэрийн мухар сахиж үлдсэн гэнэ. Нэг жил, хоёр жил, гурван жил…
…Тэрлэгийг минь нөмөр
Тэгээд даашинзаа тайлж хатаа гэж
Тэгэхэд яагаад хэлээгүй вэ?… хэмээн харуусан шаналж суусан бор охин яагаад ч юм хүсэн мөрөөдсөн сэтгүүлчийн ангиасаа “сугарч” үлдээд л байж. Анхны хайрын эзэн нь цэргээс ирээд уулзахыг хүссэн ч бас л учраа ололцсонгүй салжээ. Удалгүй хайртай хүн нь эхнэр авч, охинтой болсон гэнэ.
Зүгээр л нэг орхъё гэхээр
Зүс минь үзэгдээд зовоодог байх
Зүг зүгээ бодъё гэхээр
Зүүдэнд нь би уйлдаг байх
Үргэлж бодохоо болъё гэхээр
Үнсэх минь хүртэл ондоо байх
Үглэн шивших гэнэн шүлгэнд минь
Үйлийн үргүй дуртай байх
Уруулын амтыг мартъя гэхээр
Уйтан бор нүд минь нэхэлтэй байх
Удаан тогтоож ширтье гэхээр
Уйлмаар дуулмаар хэцүү байх
Тэр минь надад ирье гэхээр
Тэнтэр тунтар хонх жингэнэдэг
Өөрөөн би явчихъя гэхээр
Өөдөсхөн гар даллаад байдаг
Өнөөх л замаар алхахгүй гэхээр
Үг сүггүй бороо шаагидаг
Өнөөдрөөс эхлээд мартъя гэхээр нь
Өөрөө би очдог байх…
Гэнэтхэн л мөнөөх эршүүдхэн бор охинд энэ бүх утгагүй зүйлсийг төгсгөх хэрэгтэй санагдаж, хаа явсан газраасаа дандаа захидал илгээх нэгэн залуутай амьдралаа холбожээ.
…Хайрлан шатахсан
Яг л арван зургаатай тэр өвлийнх шиг
Үнсүүлэхсэн
Үснийхээ туузыг гээхсэн
Хамгийн цагаан цасан дээр
Хайрт минь есийн гурвын Тулга гэж бичихсэн
Хайрлан шатахсан
Яг л арван зургаатай тэр өвлийнх шигээ…
Итгэж хүлээсэн хүн нь нүдэн дээр нь амьдрал зохиогоод ирэхээр түүнээс дутахгүйгээ харуулах гэсэн “гэнэн алдаа” байсан ч юм билүү. Ямартаа ч тэр гэнэтхэн л бүгдийгхаяад төрхөмрүүгээ буцчихаж.
Зоргоороо
Зоргоороо байж
Зуун шөнө уйлж
Зуун шөнө дуулж чадах
Зовлонт эрх чөлөө минь чамайг
Зүүдэлж л хүлээсэн дээ би…
Нөхөр нь араас нь дагаж ирээд тэд жилийн дараа охинтой болжээ. Гэвч Ганчимэгийн сэтгэл эр нөхөртөө ч, нутаг усандаа ч, гэр орондоо ч тогтохоо болиод хаа хол нийслэлийн зүг жолоо залж, хүсэн хүлээсэн сэтгүүлчийн мэргэжлээ эзэмшихээр сурч эхэлжээ. Нэг л өдөр эр нөхөр нь охиныхоо цэцэрлэгийн багштай суух болсоноо дуулгаж.
…Хаалгаа чимээгүйхэн татаарай гэж
Хоолойгоо зөөлхөн засаарай гэж
Халуун өвөрт нь шургахдаа
Халгаарай, хайрлаарай гэж
Хүүгийнхээ ээжийг чи минь
Хөндүүрлэн байж тэврээрэй гэж
Зангирч байгаад захина би…
Дураараа, омголон, тэнүүлч бүсгүй дахиад л ганцаараа… Охиноо хажуудаа авч, халаасны өрөө дамжин амьдарч явахдаа тэр зөвхөн сайн сэтгүүлч болох л гэж шунан тэмүүлж байсан гэнэ. Анхны хайр холын тэртээд үлдэж, анхны хань “охины аав” гэсэн бүдэгхэн тодотголтой л мартагдаж… Дахин нэг амьдрал, сарнилт… Бас дахин нэг эхлэл…
…Үүдэн хоймрын зайнд орчлон эргэнэ
Үгүйлж мартахын зуурт хайр хуучирна
Өө…өд шиг л хөнгөн санагдах
Өчнөөн олон дурлал өлмийд хэвтэнэ…
Зорилготой эмэгтэй хүн гэдэг өргөстэй цэцгээс ялгаагүй ажээ. Бас эмэгтэй хүн яруу найрагч байна гэдэг барагтай хүн даахад бэрх хүнд ачаа, тэсвэр, хүлцэл шаарддаг бололтой.
Одоо бол тэр олноо хүлээн зөвшөөрөгдсөн сайн сэтгүүлч, басхүү олон хүн мэдэхгүй ч, цөөн биш хүн хүлээн зөвшөөрсөн сайн яруу найрагч бүсгүй…
…Уруулыг минь гэтэлж ирээд
Ийм гашуунаар цээж рүү юүлэгдэнэ гэж
Урьд нь мэдсэнгүй дээ
Уй гуниг минь… хэмээн дуу алдах гоо сайхан нь дотоодруугаа цутгасан хамгийн баялаг, басхүү нууцлаг ертөнц түүнийх… Саяхан тэрээр олон нийтийн телевизийн дэлгэцээр, олон хүний хар цагаан нүдэн дээр уйлж байх юм. “Эргээд харахад хувийн амьдралдаа би өчүүхэн ч жаргал цуглуулж чадаагүй байна шүү” гэж…
Өмөртөл гомдовч
Өршөөн боддог
Өчигдрийн амьдрал минь энэ байна
Үйлт жаргалын өнгөрсөн мөчүүд
Үснийх нь үнэр шиг дотнохон байна
Гэтлэх шаналангийн минь үр
Гэсгээлт эрийн цээжинд байна
Өнөөх л цэнгэлийн мөртэй
Хөнгөн дэрэнд
Өдөржин шигдэж уйлаад нэмэргүй нь
Үзэн ядаж, эвлэрэх дуртай
Өчигдрийн амьдрал минь энэ байна…
Тэгш тавиланг хэнд л заяадаг билээ дээ энэ хорвоо… Алдаа бүхэн нь зөвхөн Ганчимэгийн хийж чадах алдаа… Тийм гүжирмэг, тийм шулуухан, тийм цагаахан, бас… хачин эршүүд, гэвч хамгийн эмэгтэйлэг…
…Тэнгэр минь
Тийм зоригтой хагацахсан
Тэвэрт нь
Тэнд, зүрхэн дээр нь
Тэнэг минь баяртай гэж бичихсэн…
Б.Баясгалан
http://bayasgaland.blogspot.com
URL: