Д.Дагвадоржид Хан-Уул дүүргийн цагдаа эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг эрэн сурвалжилж байна
БӨХЧҮҮД ЗОДОЛДОЖ, МӨНХБААТАР АРСЛАН АЗЖАРГАЛ АРСЛАНГ ӨМӨӨРЧ, ИХ АВАРГА ДАГВАДОРЖИД ХУТГАЛУУЛЖЭЭ
Арлын японыг донсолгож эх орныхоо нэрийг цуурайтуулж явсан Их аварга Дагвадорж зодог тайлаад багагүй хугацааг үдэж байна. Ааг омог ихтэй, бас бяр чадалтай энэ эр байн байна хэл аманд орооцолдож, дэлгүүр түйвээсэн, баячуудын хүүхдүүдийг зодсон хэмээн сонин хэвлэлд нэрээ бичүүлдэг. Гэвч сүүлийн үед Их аварга эхнэр Тамиртайгаа эргэн нийлж, бизнес хийж, нэг хэсэг нам гүмхэн амьдарч байлаа. Гэвч тэрбээр дахиад л зодооны хэрэгт холбогдов. Энэ удаа Их аварга нилээд том хэрэгт орооцолдож байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногт Их аварга өөрийн Зайсанд байрлах гэртээ бөхчүүдийг урьж, ууж, идэж, наргиж цэнгэжээ. Долгорсүрэн зааны хүү, Японы мэргэжлийн сүмогийн Их аварга Дагвадорж энэ наргиан цэнгээнд гар татлгүй бэлтгэж, архи дарс өрж, хоол унд зөөлгөж, Улсын арслан Азжаргал, Мөнхбаатар тэргүүтэй бөхчүүд тэдний гэрт цугларсан юм байх. Гэвч архины ааг, омголон зандаа дийлдсэн Их аварга ялихгүй зүйлээс болж Азжаргал арслантай гар зөрүүлж, зодоон хийжээ. Дагвадорж аварга тэр үед ширээн дээр байсан хутгийг шүүрч авсан аж. Түүний хутга гартаа барихыг харсан Мөнхбаатар хоёр том бөхийн зодооныг салгах гэж дундуур нь ороод тархиндаа хутгалуулжээ. Мэсний шарх авсан Мөнхбаатар арслан толгойгоо боолгож, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс Мөнхбаатар арслангийн гомдлын дагуу Их аварга Д.Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэж, түүнээс мэдүүлэг авах гэсэн боловч одоо хүртэл Цагдаагийн хэлтэс дээр ирэхгүй байгаа аж. Тиймээс эрэн сурвалжлах дээрээ тулаад байгаа бололтой. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Энержи ресурс” компанийн бөх, улсын арслан Х.Мөнхбаатарын гомдлыг барагдуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийнхан ажиллаж байна. Харин Их аварга Д.Дагваорж энэ хэргээс ял зэмгүйхэн салахын тулд хохирогчтой тохирч, гомдлыг нь татуулахаар бөхчүүдтэй ярьж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шударга.мн
URL: