ЭМЯ:Оросоос ирсэн оюутнуудаас дахин нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 37 боллоо

5C805526-FEEE-4E12-B7E6-15174675DE8D

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл ”Дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.8 сая өвчилж, 187 мянган нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5849 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 68602 болж, нас баралт 60-аар нэмэгдлээ.  Коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр нас баралттай өдөр болжээ. Нийт өвчлөгсдийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй байна. Моксва хотод өвчлөл бага зэрэг буурч байсан ч буцаж нэмэгдэж, 3000 тохиолдлоор өсчээ. Тохиолдол нэмэгдэж байгаагийн шалтгааныг гэрийн хатуу хорио тогтоож, гэртээ байхгүй байгаагаас үүдсэн гэж үзэж. Тиймээс тавдугаар сард гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг хатуу болгох шаардлагатай гэсэн саналыг УОК-т хүргэсэн байна.

Москва хотод гэрийн хөл хорионы дэглэм тогтоосноос хойш өвчлөл буурч байсан аж. Харин сүүлийн үед хатуу хөл хориог зөрчиж байгаагаас нэмэгдэж эхэлж. Мөн тус улс өөрийн хэмжээнд вакцин гаргаж авсан, удахгүй хүн дээр туршиж эхэлнэ гэж мэдэгдлээ.

Манай улсын хувьд улсын хэмжээнд ажиглалтад 744 хүн байна. 41 хүн шинэээр ажиглалтад орж, 270 хүн шинээр тусгаарлалтад орсон.  Амралтын газруудад хүмүүс олноороо ирж, бөөгнөрч байна гэсэн гомдол их ирсэн.  Тиймээс амралтын газарт олноороо бөөгнөрөхгүй байхыг сануулж байна. Швед, АНУ, Солонгос, Ирландаас 4 иргэн утасдаж, бүгдээрээ вирусийн шинжилгээ эерэг гарсан гэдгийг мэдэгдсэн. Гэртээ өөрсдийгөө тусгаарлаад, ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө авсан” хэмээлээ.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Төмөр-Очир “Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй ажиллаж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүдтэй хамтарч сургалт зохион байгуулсан. 2500 эмч, эмнэлгийн ажилчдад дадлага сургуулилалт хийсэн. Амралтын өдрүүдэд хүртэл уртасгасан цагаар хариуцлагатай жижүүр ажиллуулж байна. 730 орчим сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг авсан. 300 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж авсан.  ЭМ-ийн сайдын тушаалын дагуу тусгаарлана эмчлэх 200 орыг бэлтгээд байна. Дотоодод халдвар тархсан нөхцөлд өвчтөнүүдийг хүлээж авахад бэлэн байгаа.

Иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Цар тахлын үед эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа. Ийм үед иргэд эмч нарыг хэл амаар доромжлох, хүндрэл учруулах тохиолдол цөөнгүй гарч байна. Эрүүл мэндийн байгууллагуудын өгч байгаа шаардлагыг биелүүлэхгүй байх, дайрч давшлах, хэл амаар доромжлох тохиолдол өдөр бүр тохиолдолж байгаа. Тиймээс иргэдээс эмч, эмнэлгийн ажилчдад хүндэтгэлтэй хандмаар байна.

Мөн эмнэлгийн байгууллагаар маш олноороо үйлчлүүлж байна.  Нэг хүн шинжилгээ өгөхөд 2-3 хүн дагаж явах жишээтэй. Хагалгаанд орлоо гэхэд ар гэрээс нь 10-аас дэш, 20 хүртэлх хүн ирэх тохиолдол байна. Энэ мэт бөөгнөрлөө болих хэрэгтэй байгаа юм” хэмээлээ.

Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ”2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт, судалгаа хийж байна. Өчигдөр нийтдээ 58 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгааны зорилгоор 16 сорьцийг цуглуулж шинжилсэн, коронавирус илрээгүй.  Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээгээр 1 хүнээс коронавирус илэрлээ. Моксвад суралцаж байсан оюутан. Ингээд батлагдсан тохиолдол 37 болж байна. Эдгэж гарсан хүн 8 байгаа. Бид одоо үүргийн онгоц хүлээж авна, түүндээ бэлтгэж байгаа” хэмээлээ.


URL: