Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд өлбөрч үхсэн хэрэг гарчээ
COVID-19-өөс болж эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлийнхэн үүд хаалгаа барьснаас болж ажилгүй иргэд олон болж, ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрч байна. Ажилгүй болсон иргэд ар гэрээ тэжээж, үр хүүхдээ хооллож чадахгүй байдалд хүрч байна.
Дүүргийн захын хороололд нэн ядуу, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хоногийн хоол ч байхгүй зутруухан ядуу амьдарч үр хүүхэд хоолгүйгээс болж өлбөрч, эрүүл мэнд амь насаараа хохирох үзэгдэл гарчээ.
Тодруулбал: өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн нэгэн хороонд бага насны хүүхэд өлсөж буюу өлбөрч амиа алдсан хэрэг гарчээ.
Шүүх шинжилгээний байгууллагын хийсэн шинжилгээгээр хүүхэд хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн байжээ.
Тус дүүрэгт өнөөгийн байдлаар 354 мянган иргэн 93 мянган өрхийн 10 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу амьдардаг. Тэр дундаа бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн эхтэй нэн ядуу өрх 1000 гаруй байгаа бол 3000 орчим хүүхэд хэвтрийн буюу хүнд өвчтэй асран хамгаалагчтай, архины хамааралтай эцэг эхтэй байдаг учраас үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж.
Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хамтран “Хүнстэй богц” аяныг өнөөдрөөс эхэлж эхлүүлжээ.
URL: