Н.Алтанхуягийг АН-аас хассан С.Эрдэнэ О.Баасанхүүг элсүүлэв

11117

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д албан ёсоор элсч, намын батлахаа гардав. Түүний хувьд энэ шалтгаанаа УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбон тайлбарласан юм.

Ийнхүү О.Баасанхүү гишүүн АН-д элсэхтэй зэрэгцэн бас нэгэн асуулт дагуулж эхэллээ. Тэр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-аас хассан эсэх тухай. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнэд энэ сарын 17-нд шаардах бичиг явуулсан байдаг. Шаардах бичигт “Та 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр АН-аас намайг хассан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан.

Түүнээс хойш нэг жил өнгөрсөн боловч хассан тухай ямар ч бичиг цаас өнөөдрийг хүртэл надад ирээгүй тул би өөрийгөө АН-ын гишүүнээрээ байгаа гэж үзэж байгаа. Би АН-аас салж яваагүй. Харин намайг АН-аас хассан гэж та олон нийтэд зарласан билээ.

Иймд намайг АН-ын гишүүнээс хассанаа нотолсон хариуг дөрөвдүгээр сарын 21-ний дотор ирүүлэхийг шаардаж байна” гэсэн байдаг. Гэвч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн шаардах бичигт АН-ын дарга С.Эрдэнэ хариу өгсөн эсэх нь тодорхойгүй байна. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд одоогоос жил гаруйн өмнө “АН-ын дунд шатны байгууллагын шийдвэрээр удаа дараа ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан.

Энэ шийдвэрийг би гаргаагүй. АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд дунд шатны байгууллагын шийдвэр” хэмээн ярьж байв. Харин энэ удаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн шаардах бичигт хариу өгөөгүйгээс харахад Н.Алтанхуягийг АН-аас хассан тухай С.Эрдэнийн үг үнэн бололтой.


URL: