Чуулган: 415 аппарат, 500 гаруй эрчимт эмчилгээний ор бэлдэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан ”Коронавирусийн энэ үед Засгийн газар маш сайн ажиллаж байгаад талархаж байна. Коронавирусийн үед эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, эмч эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Жишээ нь, БЗД баригдсан Японы хөрөнгө оруулалттай эмнэлэг өнөөдөр зөвхөн амбулатори нь ажиллаж байна. Хэвтэж эмчлүүлэх хэсэг нь мөнгө, санхүүгийн дутагдлаас болж гацсан байдалтай байна”
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ”Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжих төслийн хүрээнд бид энэ эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийг ашиглалтад оруулах асуудлыг оруулсан байгаа. Мөн гуравдугаар эмнэлгийг бас тоног төхөөрөмжөөр хангахаар оруулсан байгаа. Удахгүй тоног төхөөрөмжтэй болно.
Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбааатар шуурхай санаачилгатай ажиллаж зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна” гэлээ.
Ингээд үргэлжлүүлэн дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Б.Аз
URL: