Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноор ашигт малтмалын 37 орд эдийн засгийн эргэлтэд орно
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг өнгөрсөн жил угсарсан. Харин энэ жилийн төлөвлөгөөний дагуу энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлжээ. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрөвдүгээр бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр зам барьсан байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар бий. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор эдгээр орд эдийн засгийн эргэлтэд орно гэж тооцоод байгаа юм.
Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврага, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, ураны томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орно.
URL: