С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын хоршил ба улс төр дэх загасны ой санамж

531

Монголын улс төрд загасны ой санамж хэр хүчтэй үйлчилдгийг АН ба гишүүн О.Баасанхүү нарын хоршил та бидэнд бэлхнээ харууллаа. Намынхаа гишүүнчлэлийг хоёронтаа сольж буй О.Баасанхүү гишүүний хувьд АН-ын 100 саяыг эсэргүүцээд зогсохгүй, энэ мөнгийг тушаасан хэмээн өөрийг нь зарласан хүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан бол өнөөдөр үзэл бодол нь эсрэгээрээ эргэжээ.  Х.Ганхуяг гэх залуу АН-аас нэр дэвшихээр 100 саяа тушаасан 181 хүний жагсаалтыг нийтэд зарласан бөгөөд түүний дотор Орхон  аймгаас О.Баасанхүү горилохоор багтсан байсан. Гэвч тэрбээр “Намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг. Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүн өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш” хэмээн мэдэгдэж байв. Энэ бол ердөө 14 хоногийн өмнөх түүний байр суурь. Гэтэл өчигдөр АН-д албан ёсоор элсч, намын батлахаа гардан авлаа. Ингэснээр тэрбээр 100 саяыг  хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Х.Ганхуягийг шүүхэд өгөөд зогсохгүй 100 сая төгрөг нэхэмжлэхээ илэрхийлсэн нь АН-д тушаах сонгуулийн дэнчингээ олж авах зорилготой хэмээж байсан нь ийнхүү талаар болов бололтой. Өөрөөр хэлбэл, эрх биш шинэхэн нэгдсэн намынхаа бодлогоор хурааж буй 100 саяыг эсэргүүцэх сэтгэл гаргаж чадахгүй биз. Ямартай ч энэ хүнд хувийн үзэл бодол, тогтсон байр суурь гэж үгүй бололтой юм. УИХ-ын гишүүн болохын тулд хаашаа, хэнийг ч дагахад бэлэн гэдгээ ийнхүү харууллаа.  Харин нөгөө талд О.Баасанхүүг хүлээн авч буй АН ба С.Эрдэнэ даргыг хэрхэн ойлгох вэ. Мөн л хэдхэн сарын өмнө  О.Баасанхүү гишүүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэйгөөр нь дуудаад шар хадны эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байсан С.Эрдэнэ түүнийг намын гишүүнээр баяртай угтав. Ээлжит сонгууль дөхсөн энэ өдрүүдэд 100 сая гэх наймааг санаачилж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хэд  хэдэн хуулийг илтэд зөрчиж яваа  АН-д лидер гэж байхгүй болсны тод жишээ нь энэ болов.  АН-ыг  эрх мэдэлтэй байхад аль л том албан тушаалыг хашиж явсан эрхмүүд нь өдгөө хууль, шүүхийн байгууллагад данстай болчихсон яваа. Тийм ч учраас АН-ын дарга арга ядахдаа О.Баасанхүүгээр ч болов бүл нэмэв бололтой. Улс төрд нөхөрлөл бус ашиг сонирхол амь бөхтэй оршсоор буйг  сонгууль дөхсөн энэ өдрүүдэд энэ мэт олон улс төрчийн увайгүй үйлдлээс та бид харах биз ээ.


URL: