Орлого нь буураагүй ч шимтгэл төлөхгүй байх боломжтой
Цалингаа ямар ч шимтгэлгүй бүтнээр нь гар дээрээ авах ямар нэмэртэйг энэ сарын дундуур урьдчилгаа цалингаа авсан иргэд сошиал орчинд сэтгэгдэл үлдээсэн байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар тэглэсэнтэй холбоотой байв. Дэлхийн зах зээлд өнөөдөр сүүлийн найман жилд хамгийн үнэтэй металл шар алт байна. Гэвч манай улсын бүх аж ахуйн нэгжийн дөнгөж 0.01 хувийг алтны компани эзэлдэг. Эдгээрийн орлого өсөлттэй ч татварын ихэнх орлогыг бүрдүүлдэг бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа коронатай холбоотойгоор зогсож орлого буураад байна. Тиймээс татвар бүрдүүлэгч гол аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн. Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй ч иргэдийн дунд ойлголтын зөрүү их байна. Энэ сарын 17-нд Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх журам баталсан.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгуулага түүнчлэн төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд зургаан сар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдөхөөр болж буйг Сангийн сайд мэдэгдээд байна. Өнөөдөр Монгол Улсад 108.8 мянган татвар төлөгч байгууллага байна. Эдгээрийн 99.99 хувь нь дээрх шийдвэрт хамрагдах бол алтны компаниудад хамаарахгүй юм.
URL: