Тэнгэр, тэнгисийн заагт /өгүүллэг/

10982

Нөхрий нь шинэ засгийн газрын буутай цэргүүд хүчээр чирээд явсаны дараа Сара
бүсгүй Карибын тэнгисийн зүүнтэйх гадилын тариалан тийш охиноо аваад зугатахаар шийдэв. Гадилын тариалан хүртэл нэлээд
хол бөгөөд тэнгис орчмын эргүүлтэй таарах аваас олзлогдох аюултай бөлгөө.
. Нөгөө талаар аминаасаа үнэтэй төгөлдөр
хуураа орхиод явах хэцүү боловч аваад явах
боломж огт үгүй. Нореевс бол цэргийн хурандаа цолтой хуучинсаг талыг баримталдаг хүн. Саратай гэрлээд охиноо
төрсөнөөс хойш шинэ засагтай нөхөрлөх
гэж оролдоод бүтээгүй. Өмнө нь шинэчүүлийг өчиггүй буудан хороож байсан
тул цэвэрлэгээнд данслагдсан цэргийн
эрхтэн юм.
. Сара бүсгүй бөгөөс францаас далай гаталж
колумбад суурьшсан язгууртаны угшилтай
гурван том гадилын тариалан болоод эдлэн газартай
нимгэн уруултай цагаан царайтай хүүхэн. Шөнөжингөө
янагийн дуу аялаад үл ядрах мөртөө амтат жимс лугаа таашаал өгдөг амрагийн явдалд дэндүү өөриймсөг нэгэн. Ханашгүй тачаал
нь Нореевсийг ухаан алдуулж,урхиндаа
оруулжээ. Тэдний дундаас царайлаг,авьяаслаг охин төрж Бахын сүмийн
гунигт аязуудыг хаан хуурын даралтнаа
амилуулан тоглодог болжээ.
. Эх нь хөгжмөө орхиод охиноо аваад гарахад
тэнгэр борооны үүлтэй,тэнгис гүндээ давалгаатай байлаа. Нөхрий арай ч буудаагүй гэдэгт бүсгүй итгэлтэй байвч
цэргүүдийн зэрлэг араншин,автомат зэвсэг
өр зүссээр. Карибын хошууныхан эзлэгдсэн
эрт үеэсээ француудад дургүй. Нореевс
нутгийн колумба үндэстэн. Тэдний гэрлэлт
аль аль талд нь таалагдаагүй юм. Хурандаа
уур шарандаа хуримаа тарааж агаарт буудаж
өөрийн ах дүүсээ багагүй сандаргажээ. Маргааш нь тэрбээр шинэ засгийн газарт
морилон очиж эхнэрийнхээ инжний нэг
гадилын тариаланг барьцаанд тавьж ялгүй
салсан байна.
. Нореевс өтгөн сахалтай,гэрэл цацарсан хурц хүрэн нүдтэй,хүүхнийх шиг ягаан
уруултай янагийн тэнгэртэй эр. Тэр доромж
үгэнд тун зэвүүн хандана. Бараг буудалцахаас сийхгүй түргэн зан гаргана.
. Сара сэлүүрэндээ цуцаж байлаа. Хүүхний
суганы урт үс норж зөөлөн маханд нь
наалдана. Охин тоглоомоо тэвэрч суугаад
алсын ногоон ойн зүг гөлөрчээ. Эх нь ганцаараа тамираа барж явааг охин хэрхэн
ойлгох билээ. Тохитой гэр орон,тайван хангалуун амьдрал төгсгөл болж байгаа эсэхийг охин яахин ойлгохов. Цэргийн дэгжин хувцастай эцэг нь сүүлийн өдрийн
буудалцааны дараахан туугдаад явсаныг
дутуухан харсансан. Түүнийг чирч гударч
хүч түрэмгийлж галт зэвсгийн үхлийн хар
амыг зоо нуруунд нь тулгасан байлаа.
. Бахын гэгэлгэн аяз тэдний цонхоор эгшиглэн тэнгист загасчидын моторт завь
цайрч харагддаг нарлаг өдрүүд хэзээ ирэхийг завины дээрхи тэнгэр,завины хитэг
зүсэх тэнгисийн ус хэлж чадна гэж үү.
. Нэг эргээс нөгөө эрэг хүрэхийн хооронд
юу эсийг мөрөөднөм билээ дээ. Далайн давсны бүлээн шорвог үнэр ханхална. Сара
эр нөхрийнхөө араас сөртөн сөнөнө. Нореевс
алагдвал хөөрхий Сара бэлэвсэрч нялхарч
хонодог бие нь хатаж хувхайрна. Түүнийг
зөөллөж эрх танхил болгодог эр нөхрөө
үгүйлсээр хүйтэн өвдгөө тэвэрч шөнийг
өнгөрүүлсөнөөс үхсэн нь илүү дээр. Гэтэл
охин нь даанч халаглам бодогдоно. Түүний гуниггүй тунгалаг нүд,цэцгийн дэлбээ шиг
булбарай уруул,хиртэж үзээгүй туяхан хуруу
гар амьдралд тасар татуулна гэж үү.
. Ийм нар,хуртай тэнгэрийн доор тийм намуухан тэнгисийн мандал дээр орчлон хорвоод хэн буруутай вэ. Засгийн эрхийг
булаан авч шударгаа гайхуулан тайван
амьдралыг бусниулан бурууг хүн ардад
тохож,зэрлэгээр элдэвлэгч муусайн түшмэд
ноёдыг. Сара бүсгүй зүхэн зүхэн нүднийхээ
нулимсыг дуслуулан жаргах нарны зүг өнчин
завины өвчүүг залж явна. Түүнд маргааш
ямар тавилан тохиолдохыг хэн таах билээ…

Дамдины Жамьян


URL: