Төр, засаг түвшрэхгүй нь ээ…
Ингэж хэлээч гэж бодол санаа минь дотор маажаад амар заяа үзүүлэхгүй юм. Нээрээ ч энэ үгийг хэлэхээс аргагүй цаг ирчихэж. Монголын улстөрийн барометр буруу тийшээ савлаад байна шүү дээ. Дэлхийн нийтийг нөмөрчихөөд байгаа “COVID-19” цар тахал өвчний дуулиантай зэрэгцээд сонгууль угтсан улс төр элдвээр өдөлж бас хөдөлж буйг харав. Сүүлийн өдрүүдэд бүр ч их. Нэг хэсэгтээ сонгууль болох уу, үгүй юу гэсэн яриа байсан бол эрх баригч намынхан тэргүүтэй нөхдийн үйл ажил, гаргаж байгаа шийдвэр бүхэн нь сонгууль үнэртүүлж байна. Тэд сонгууль хойшлуулах үндэслэл алга гэж улайн цайм зүтгэдэг боллоо. БНСУ-ын парламентын ээлжит сонгууль өчигдөр болчихлоо. Энэ жишээ бас нэг шалтаг болов уу даа. Манай улсад аюулт цар тахал өвчний халдвар бусад орныг бодвол гайгүй гэхээр л. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн ирсээр халдвартай хүний тоо 30 хүрчихлээ. Олз нь хүн эндсэн явдал гараагүй л байгаа. Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эртнээс ажиллаж эхэлсний үр дүн тэр байх. Гэхдээ уг өвчин дэгдэх магадлал өндөр байгаа. Гэтэл МАН-ынхан няцах шинжгүй “Сонгуульдаа урагшаа” гэж уриалаад байна. Нэгэнт больё, хойшлуулъя гэсэн шийдгүй болохоор Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хууль дүрмийнхээ дагуу амжуулж хэсгийн хороодыг ч байгуулчихлаа. За яахав, юманд арга гэж байдаг болохоор сонгууль хийх нь л дээ. Харин сонгуулийн үр дүн ямар болохыг таахад бэрх. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал асуулга явуулахад хамрагдсан сонгогчдын 42 хувь нь санлаа өгнө гэсэн бол 52 хувь нь санал өгөхгүй гэсэн дүн гарчээ. Эндээс харахад яарч даарч хийсэн сонгуулийн санал хураалт хүчингүй болбол яахав. Сонгууль дахих болно. Ингэвэл өвчин гэдэг гамшгийн хажуугаар бас нэг гачлан нэмэгдэнэ. Тэгж хэллээ гээд зарим нь муу амтай юм гэх байж магадгүй. Тэгвэл сонгууль болдгоороо боллоо гэе. Харин ямар нөхөд УИХ-д гараад ирдэг бол гэхээс сэтгэл өвдөх юм. Өнөөдрийн өнгөөр харахад олон түмний хүсэн хүлээсэн тийм хүмүүс биш өмнөх шигээ хэн ч биш нөхөд бас олигархиуд нь сонгогдохоор байна шүү дээ. Өнгөрсөн 30 жилд төр барилцаж ч явсан Ардчилсан намынхныг хар л даа. Нэр дэвших бодолтой хүн бүрээсээ 100 сая төгрөгийг татвар нэрээ аваад л байна гэнэ. Нэмээд ч авах юм байх. Мөнгөний сонгууль болох эхлэл энэ. Тус намын зарим нөхдийн хэлэх нь,
-Би 100 саяаа тушаачихсан. Тэгээд намын даргаасаа нэр дэвшиж чадахгүй бол яах вэ гэж асуусан “хохь чинь” гэлээ. Том намын нөхөд хоорондоо ингэж гудамжны танхайчуудын үгээр хэлэлцдэг гэнэ.
Тэдний бодол “таньдаггүй ламаас таньдаг чөтгөр дээр” гэдэг шиг сонгогчид бидэнд л саналаа өгнө гэсэн эндүүхэн бодолдоо автчихсан байгаа нь илт. Тэгээд яаравчлаад байгаа бололтой. МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бид сонгуульд ёс зүйтэй хүмүүсээ дэвшүүлнэ” гэж хэлсэн удаатай.
URL: