О.Баасанхүү: 950 саяынхан бүгд өргөдлөө өг, эсвэл Б.Батзоригоо авч үлдээд сонгуулиар дүнгээ тавиул

344

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тодорхой асуудлуудыг хэлэлцсэн.  Тэр дундаа УИХ-ын гишүүн Батжаргалын Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээ. Хуралдааны үеэр зарим гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өргөдлөө өгч магадгүй хүн олон байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн амнаас сонссон. Ерөнхийлөгч өөрөө хэлсэн шүү дээ, маш олон хүн өргөдлөө өгөх гээд надтай уулзсан гэж. Хожимдсон ч гэсэн Б.Батзориг гишүүн өргөдлөө өглөө. Бусад нь ч гэсэн удахгүй өгөх байх.  Тиймээс УИХ нэг мөр хэлэлцмээр байна аа. Тэгэхгүй нэг өргөдөл өгөхөөр нь  хэлэлцэнэ гэж явбал иргэдийн парламентад итгэх итгэл суларна. Миний тоолж байгаагаар 49 гэж ойлгож байгаа. Та бүгдийн хоорондоо тохирсноор 5, 6 байгаа байх. Тэр хүмүүсийн өргөдлийг аваад, хамтад нь хэлэлцээд явмаар байна

Төрийн байгуулалтын байгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: О.Баасанхүү гишүүний саналтай холбогдуулаад хэлэхэд, Б.Батзориг гишүүн өргөдлөө гуравдугаар сарын 30-нд УИХ-д ирүүлсэн. Дөрөвдугаар сарын 6-нд чуулган нээгдсэн. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 15. Тодорхой хугацаа өнгөрсөн байна, хэлэлцэхийг хойшлуулах шаардлагагүй байх.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулж, өргөдлийг уншиж танилцуулав.  Харин чөлөөлөх хүсэлтээ ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригоос асуух асуулт гишүүдэд байсангүй. Хүсэлттэй холбогдуулан зарим гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан байдаг. 76-гаас эхлээд нэг нь явсан, 75 үлдсэн. Дахиад нэг нь явсан, 74 болсон. Одоо нэг нь явах нь, 73 болох нь л дээ. Ямар хэцүү юм бэ. Би Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл энэ хүн танай намын даалгаврыг биелүүлсэн. Танай намынхан энэ хүнээр бохир бариулсан. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын 49 гишүүн, тэр дундаа өөрсдийгөө шударга гэж ярьдаг нөхдүүд авсан. АТГ-т өнөөдөр хуулийг сонголттой хэрэглэж байгаа учраас ноолоход амар юм гээд Б.Батзоригийг л оролдож байна. Жинхэнэ удирдсан, авсан хүмүүсээ шийтгээгүй. Сонгууль болно, та нарт ард түмэн саналаа өгөхгүй шүү дээ.  76 гишүүнтэй байна гээд Үндсэн хуульд заасан чинь 76-уулаа бай гэсэн үг.

Сонгууль хийгээд нөхье гэсэн та нар бултсан, зугтсан. Сонгууль ч хийдэггүй, дээрээс нь нэмээд алдаад байна. Парламентын дархлаа байхгүй боллоо. Ядаж энэ хүнээ авч үлдэх хэрэгтэй.  Би энэ хүнийг гэм буруугүй гэж хэлэхгүй.  Харин нэг хүнээ явуулчихаад, ЖДҮ авсан 48 нь ичихгүй юу. Би ичиж үхээрэй л гэж хэлье. 950 саяынхан хамтдаа өргөдлөө өг. Эсвэл энэ хүнээ авч үлдээд, сонгуулиар дүнгээ тавиул.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалтыг цахимаар, нууцаар явууллаа.  УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад 11 гишүүн оролцож, 10 нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.


URL: