Т.Бадрал: Замын-Үүдийн хилийн боомтод ажиллах БНХАУ-ын иргэд хил нэвтэрч орж ирэхгүй
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал ”Дэлхий нийтэд 2 сая гаруй хүн халдвар аваад байна. Амь насаа алдсан хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Амралтын өдөр ОХУ-аас 282 хүнээ авч ирсэн. Ингээд халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Цаашдаа иргэдээ гаднаас авч ирэхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх магадлал маш өндөр болоод байна. Тиймээс гадаадад байгаа иргэдээ наашаа ирэх гэж яарах хэрэггүй гэж хэлмээр байна. Маргааш БНХАУ-ын Эрээнээс 50 иргэнээ авч ирнэ. Төлбөрөө төлж чадахгүй иргэд БНХАУ-ын хууль дүрмийг зөрчсөн иргэд болон эх орондоо ирж байгаа иргэдийг тусад нь тусгаарлана. Өнөөдөр энэ ажлыг зохион байгуулахаар МХЕГ, ХХЕГ, цагдаагийн байгууллага, ГХЕГ томилогдоод ажиллаж байна.
Гадаадад санхүүгийн хүнд байдалд байгаа монголчууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаад, яг ямар хүмүүст дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэхээр болсон.
Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдаж, барилгын ажлыг эхлүүлнэ.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарлаа.
Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж буй тээврийн хэрэгслийг цагдаагийн машин дагаж явж, хүргэх цэгт нь хүргүүлж байгаа. Ингэж явахад цагдаагийн машин эвдрэх зэрэг хүндрэл гарч байна” гэв.
URL: