Малайзын цагдаагийн албан хаагч хоёр монгол бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарчээ

10870

Малайзын цагдаагийн албан хаагч хоёр монгол бүсгүйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан талаар тус улсын хэвлэлүүд бичжээ. Тодруулбал “Монгол улсын иргэн болох 20, 37 настай хоёр эмэгтэйг хөл хорионы дэглэмийг шалгах зорилгоор шалган дээр түр саатуулж хүчирхийлсэн байна” гэжээ. Энэхүү хэрэг өнгөрсөн баасан гаригт хоёр бүсгүйг гэртээ харих үеэр болжээ. Тэднийг шалган дээр бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож буй хэргээр түр саатуулж, ойролцоох зочид буудал руу хүчээр авч явсан байна.

Энэ талаар хэргийг шалгаж буй цагдаагийн ахмад Ник Эзаник Фейсал “Хоёр бүсгүй бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Хэргийг үйлдсэн 30 орчим настай цагдаагийн ажилтныг баривчилсан. Одоо мөрдөн байцаалтын явц үргэлжилж байна. Хохирогч бүсгүйчүүд Малайз болон Англи хэл мэдэхгүй тул орчуулагчийн тусламжтай мэдүүлэг авсан. Мөн хэрэг болсон буудлын өрөөнд үзлэг хийж байгаа. Цагдаагийн албан хаагч ийм үйлдэл хийсэнд тун сэтгэл дундуур байна. Түүнд хуульд заасан хамгийн хатуу арга хэмжээг авах болно. Түүнчлэн энэ хэрэгт бид маш нухацтай хандана” гэжээ.

Хэргийг үйлдсэн цагдаагийн ажилтан баасан гаригийн 20:00 хохирогчдыг саатуулан улмаар буудалд 24 цагийн турш хүч хэрэглэн, албандан хорьж байхад нь буудлын ажилтан мэдэгдэж, цагдаагийн  тусгай ажиллагаа явуулж, баривчилсан байна. Хохирогч бүсгүйчүүдийг шүүх эмнэлгийн үзлэгт оруулах бөгөөд түр хугацаагаар хамгаалалтад авах юм байна.

Эх сурвалж: Malaymail

http://isee.mn/n/8590?fbclid=IwAR0dzhfOix2AM5sghZZ2TTD7bT2cnD0uvNlMitVh_LxBKn3rs6O0TJs_8XQ


URL: