Хотын гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна

10829

Хотын дарга 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм.

Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг болон зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэхээр үзлэг шалгалтыг хийж эхэлжээ.

Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


URL: