Феодалуудын Монгол уу…
Өнөөдөр Монгол оронд улстөрийн мэдлэг, улстөрийн онол болон улстөрийн үзэл баримтлал дутагдсанаас гадаадын мөнгө хүүлэгчидийн золиос болох боллоо. Ерөөс Монголын улстөр Монгол нутаг дээр биш хаа нэг газар явагдаад байх шиг. Улстөрийнхөө бүтэцийг ард түмнээрээ хэлэлцэж дүн шинжилгээ өгч яг ямар улстөрийн ёс үйлчлээд байгааг шүүн хэлэлцэж засаж залруулах цаг нэгэнт иржээ. Ирээдүйтэй цоо шинэ улстөрийн ойлголт, онол болон үзэл баримтлалын ялгаануудыг тодорхойлохгүй бол улстөр ердөө цөөн хэдэн хүмүүсийн тоглоом болчихоод байгаа нь хэнд ч тодорхой боллоо. Улстөрийн Улаанбаатар хотод Монголын хувь заяа шийдэгдэхээ нэгэнт больж УИХ-ын гишүүд ч хуралдаа суух сонирхолгүй боллоо.
Улстөрийн дүн шинжилгээ хийхэд гурван онцлог хүчин зүйлүүд бидний цаашдын энх тайван, амар амгалан, эрүүл саруул, хангалуун амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлд саад болж хөгжиж дэвших бүхий л сайхан боломжуудыг маань хүлж идэвхигүй нижгэнэсэн хөгжлийн их бүтээн байгуулалтаас хөндийрүүлэх сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Хамгийн нэгдүгээрт, Монголын төр ямар төр болох вэ гэдгээ тодорхойлоогүй тул мухардалд орсоноо сүүлийн 20 жилд засаж залруулсангүй.
Хоёрдугаарт, зүүн барууны улстөрийн соёл парламентад үүсэн хөгжиж парламентийн эцсийн зорилго ардчилал биелсэнгүй. 90 оны ардчилсан хувьсгал ганцхан парламентийн л ардчилал байх ёстой байсаныг сүүлийн 20 жилд хийсэнгүй. Гуравдугаарт, эцсийн эцэст төрд ч бас парламентийн засаглалд ч хоёуланд нь Оюу Толгойн гэрээнээс хойш улстөрийг зориуд боймолж гадаадынханы гар болсон зөвхөн наймаалцах хувааж идэх гэсэн шинэ феодалууд төрөн гарч феодалжих хөдөлгөөн эхэлсэн явдал улс орныг ямар ч ажил хөдөлмөргүй найр наадам хийж өргөл барьц барьж шагнал цолоор амьдарсан аймшигтай амьдрал руу улс орныг оруулж эхэллээ. Энэ гурван алдаануудыг дор дэлгэрүүлэн сийрүүллээ.
1. Бүгд найрамдах төргүй ерөнхийлөгчийн мухардал
Монголын төрийг Бүгд найрамдах төр байх тэр түүхэн боломжийг 90 оны төрийг унагаагчид алдагдуулсан. Богдын хаант төрийг эцэслэж Монгол оронд Бүгд найрамдах төр үүсгэн байгуулагдсан түүх бий. Гэтэл энэ бүгд найрамдах төрийг 90 онд унагана гэдэг монарх эсвэл диктатур гэсэн нэртэй төрүүд үүсэх боломжтой л гэсэн үг шүү дээ. Монарх гэдэг чинь нэг хүний дарангуйлал. Диктатур гэдэг чинь нэг нам эсвэл нэг гэр бүл эсвэл цэргийн хүчээр л ноёрхоно гэсэн ойлголт.
Төрт ёснууд хамгийн сонгодог энэрэнгүй энэ бүгд найрамдах төрийг латинаар “республик” гэж нэрлэдэг. Гэтэл өнөөдөрийн Монголын ерөнхийлөгч бүгд найрамдах төрийн ерөнхийлөгч гэсэн сонгодог улстөрийн ангилалд багтахгүй болчихжээ. Бүгд найрамдах төрийг дотор нь парламентийн, ерөнхийлөгчийн болон хагас ерөнхийлөгчийн гэж гурав хуваадаг. Тиймээс Монголын ерөнхийлөгч ямар бүгд найрамдах улсын ерөнхийлөгч вэ гэсэн асуулт гарч ирэх боловч бүгд найрамдах төрөө зарлан тунхаглаагүй тул дээрх гуравын аль нь ч биш. Ингээд бид бүгд найрамдах төр үгүй гэвэл одоо манай ерөнхийлөгч тэгээд олон улсын улстөрийн ойлголтоор ямар төрийн ерөнхийлөгч вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна.
БНМАУ гэсэн энэ сайхан төрийн нэрлэгээгээ бид ердөө л ардчилсан Монгол улс гэсэн засаглалын нэрээр сольчихсон. Ардчилал гэсэн үг засаглалын ямарыг нэрлэдэг болохоос биш төрийн ямарыг нэрлэдэггүй шүү дээ. Хагас жилийн өмнө би АН-ын нэгэн өндөр цол хэргэмтэй хүнтэй ярьж байхдаа “Та нар ‘төр ба ардчилал’ хоёрыг дандаа ялгаж салгах хэрэгтэй шүү” гэж хэлж л байсан. Яагаад гэвэл төр гэдэг чинь бүгд найрамдах төртэй хамаатай, харин ардчилал гэдэг чинь засаглалтай хамаатай. Тиймээс төр засаг гэсэн хосолсон үгнээс салах хэрэгтэй. Бид онолын төөрөгдөлөөс гадна бас энэ мэт хэлний төөрөгдөлөөс гарах хэрэгтэй.
2. Баруун ба зүүнгүй парламентийн хямрал
МАХН-ын нэг ахмад сургааль айлдагч одоо МАН гэсэн шинэ намын гишүүн мэдээлэлийн хэрэгсэлүүдээр баруун зүүний улстөрийн онолыг эсэргүүцээд байхыг хараад би их л гайхсан. Яагаад улстөрийн намуудын ууган гишүүд төр ба засаг хоёрыг хооронд нь ялгаж салгаж тусгаарлахгүй байна вэ гэсэн хачин асуулт сүүлийн үед миний гайхширалыг төрүүлэх боллоо. Энэ чинь улстөрийн сурах бичгийн наад захын ойлголт шүү дээ. Үүнийг сураагүй гэж үү. Баруун зүүнээ ялгахгүй намууд тэгээд УИХ-д ямар улстөрийн үзэл баримтлалаар чиг баримжаагаа олох вэ. УИХ-ын гишүүд улстөрийн ямар онолоор урьдах ажлаа явуулдаг вэ гэсэн олон асуулт гарч ирнэ. Хэрвээ онолгүй мэдлэггүй ерөөсөө суралцаагүй гэвэл өөрийнхөө санаагаар эсвэл барагцаагаар эсвэл азаа үзсэн л хэрэг болохнээ дээ.
Улстөрийн нам хэзээ ч төв үзэл гэж төвийг сахидаггүй. Яагаад гэвэл төвийг сахиж за ч гэхгүй үгүй ч гэхгүй гэвэл улстөр хийх ямар ч утгагүй. Ягштал барьсан үзэл баримтлал эргэлзэшгүй үнэмшсэн улстөрийн онолоор л хоорондоо ялгарч ялгаа үүсгэхгүй л бол улстөр амьдрахгүй. Олон ялгаатай улстөрийн намууд өрсөлдөнө гэдэг өөрөө ардчилалын илэрхийлэл. Улстөрчид үзэл баримтлалаараа маргалдаж УИХ-ын танхимд дуу цууриатан нижигнэж сөрөг хүчин шүүмжлэлээ илтгэж байвал жинхэнэ улстөр гэдэг чинь эндээ л гэж сэтгүүлчид сайрхах болно. Тэгэхгүй бүгд адилхан төвийг сахина гэж үзэл баримтлалаараа ялгагдахгүй гэвэл нэг намын гишүүд л гэсэн үг.
Баруун зүүнээрээ талцаж парламентийн ардчилалын түүхийг бичсэн орон бол Франц улс. 230 гаруй жилийн өмнөх Францын хувьсгалын үр дүнд ардчилсан парламент анх үүссэн. 90-оны ардчилалыг мөрөөдөгчид Монгол оронд ийм л парламентийг шаардсан гэдэгт өнөөдөр хэн ч эргэлзэхгүй. Үзэл баримтлалаа уралдуулцгаая гэж л парламентийг ардчилсан болгох гэж тухайн үедээ жагсацгаасан. Түүнээс биш баруун зүүний улстөрөө за тэр яах вэ улстөржөөд юу хийх вэ алив дэл сул юм байна уу гэхийн тулд парламентад орж ирээгүй биздээ. Үүний тулд бүгд найрамдах төрөө унагаагаагүй биздээ.
Улстөрийн онолоор ардчилсан парламентийн шинж бол ард түмнээсээ сонгогдсон сонгуультан нар парламент дотор суунаа л гэсэн онол бий. Үүгээрээ ард түмэн засгийн эрхийг гартаа авсан гэдэг. Тиймээс парламент гэдэг засаглалтай холбоотой ойлголт болохоос биш төртэй холбоотой ойлголт биш. Үүнийг улстөр сонирхогчид сэхээрэх л ёстой. Гэхдээ тэр сонгуульд оролцсон ард түмэн өөрсдийнхөөрөө сонгосон нэг үгээр хэлбэл ямар ч дарамт шахалтгүйгээр сонгосон цагт шүү дээ.
Нэгэнт УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлдөг тул ард түмэндээ бүгдийг тайлагнах ёстой. УИХ-ын бүх үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх ёстой. Энэ бол шаардлага биш улстөрийн зарчим. Ямар ч хурал болон уулзалт хаалттай явагдах ёсгүй. Үүгээр ардчилсан парламентийн илүү тал харагдана. Хаалттай хурал хийнэ гэдэг чинь ёстой нөгөө нам хуйвалдаж сэм хийнээ л гэсэн шууд ойлголт. Эсвэл улстөрийн ажил хийхгүй хувийнхаа ажлыг хийнэ гэсэн ойлголт. Тиймээс ард түмэн парламентийг үргэлж хянаж шалгах боломжтой болохын тулд хэзээ ч хаалттай ямар нэг үйл ажиллагаа хийхийг хорих ёстой. Хаалттай хурал хийсэн л гэвэл ардчилал гэдэгтэй одоо салах ёс гүйцэтгэжээ л гэж ард түмэн ойлгох нь зөв.
3. Хөгжил дэвшилийг боймолсон феодализм буцаж ирлээ.
Феодалын нийгмийн хамгийн нэгдүгээр шинж төрх бол газар ард түмний өмч биш харин газрын эздийн өмч гэсэн байдаг. Энэ тодорхойлолт өнөөгийн Монголын нөхцөл байдалд яг таарсан болов уу. Монголчууд газрынхаа эзэн биш болжээ. Тэр ч бүү хэл Монголын ихэнхи газрын эзэд гадаадын иргэд. Газрын эздийг феодал гэж нэрлэдэг. Феодалын нийгмийн хоёрдугаар шинж бол цөөн хүмүүс улстөрийн шийдлүүдийг гаргадаг. Тиймээс төр улс тэр чигээрээ зөвхөн энэ цөөн хүмүүсийн мэдэлд ордог. Монголын ард түмэн өнөөдөр төр улсын ямар ч шийдвэрт нөлөөлж чадахгүй болжээ.
Ийм хоёр шинжээрээ өнөөгийн Монголыг феодалжсан нийгэм гэж дүгнэх буруу биш. Феадалууд цаашилбал албан тушаалаа үе залгамжлан өвлүүлэх зорилготой. Төрийн албан тушаалуудыг гэр бүл хамаатан садангаараа дамжуулан эзэмшиж буй нь Монголын нийгмийн нийтлэг төрхийг харуулна. Зориуд феодалуудын хүүхдүүд дээд зэргийн сургуулиудад мэргэжил эзэмшсэнээр ерөөсөө үр удмаараа толгойтой гэсэн ойлголт ч хүртэл гарч ирсэн. Иймэрхүү феодалжсан үзэгдэлийг таслан зогсоох гэж тухайн үедээ Ю. Цэдэнбал зөвхөн малчиний хүүхдийг Москва хотод олон улсын харилцааны сургуульд сургана гэж хүртэл түр ч гэсэн Монголыг феодализмаас аварсан.
Феодалын нийгэмд мэдлэг боловсрол, соёл урлаг хөгжих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл феодалууд зөвхөн эдийн засаг, хууль, шүүх болон төрийн албуудыг гартаа авч түүгээрээ л амьдралаа баталгаажуулдаг. Феодалууд их дээд сургуулиуд болон шинжлэх ухааны академийг хэзээ ч дэмжихгүй. Феодалууд баялаг бүтээхгүй зөвхөн л төрд наалдаж өнгөтэй өөдтэй болгоныг сорж шимнэ. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйлдэл бүрийг эсэргүүцнэ. Яагаад энэ олон шашинуудын байгууллагууд Монголд цэцэглээд байгаа мөн түүнийг илт дэмжээд байгаа цаанаа бас л зорилготой.
Феодалуудын гар хөл бологчид арга билэгийн хичээл хүртэл сургуулиудад заалгуулна гэж хүчиндэн тогтоол гаргуулсан явдал бол боловсролын эмгэнэлтэй үйлдэл. Монголчуудыг мухар сүсгээр төөрөгдүүлж хэзээ ч бие даан бодох чадваргүй өөрийнхөө амьдралыг босгоод явах мэдлэг боловсролгүй улстөрийн алдаатай үйл ажиллагаануудыг шүүмжлэх чадваргүй болгох гэсэн л оролдлогууд нүдний өмнө газар авсаар л байгаа нь дэндүү харамсалтай. Яагаад гэвэл нийгэм улам хэврэг болдог.
Нэгэнт феодалууд улстөрийн шийдлүүдийг хийж буй тул Монголын парламент өнөөдөр бараг л тоглоомын парламент болсон. Нэгэнт шийдчихсэн хуулиудыг хэлэлцэж буй мэт бас нэгэнт тохирчихсон асуудлуудыг маргаж буй мэт харагдах гэж ёстой л жүжиг тавих мэт. УИХ-ын нэг гишүүн жүжиг тавьсаар байгаад ядарчихлаа гэдэг бас л ойлгомоор асуудал. Зарим гишүүд цаад учрыг мэдээгүй тул үнэхээр ч парламентийн ажилд оролцоод байна гээд бүр үнэмшчихсэн байх нь харагддаг.
Дүгнэж хэлэхэд Бүгд найрамдах төргүй ерөнхийлөгч, ардчилагдаагүй парламент, улстөрийн онолгүй намууд Монголын өнөөгийн нийтлэг дүр зураг болжээ. Үүнээс шалтгаалан монгол хүн өнөөдөр улстөрийн эрхгүй бас иргэний эрх чөлөөгүй болсон. Ийм дүр зургийг хэн хүсээд байна вэ. Хэн бас хийж чадаад байна вэ. Монголд феодалууд үүссэн явдалд хэн нөлөөлсөн бэ. Олон асуултууд хариугаа хүлээнэ. Орчин үеийн феодалууд маань хаа нэгтээ Америкт ч юмуу суучихаад хурлаа хийж байгаа ч юм бил үү. Магадгүй тэнд Улаанбаатарт байрлах УИХ-ын танхимаас илүү их ирцтэй ч байгаа юм бил үү.
URL: