Зодоон хийж, цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн хурандаа АТГ-ын албаны даргаар томилогджээ
АТГ-т нэгэн сонирхолтой томилгоо хийгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа зодоон хийж, ёс зүйн хариуцлага тооцуулан ажлаасаа чөлөөлөгдсөн хурандаа Ц.Ариунбат АТГ-ын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдсон байна. Хэдийгээр ур чадвар, мэдлэг боловсролоороо тэнцсэн байлаа ч ёс зүйн хариуцлага гаргаж, цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн хурандаа шаардлага, шалгуур өндөр АТГ-т томилогдсон нь хэр том татаас, ар талтай вэ гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Болсон явдлыг сануулбал, Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болоод байна гэх дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очиход ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар Ц.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон аж.
Тэдний зодооны асуудал нэгэнт хэвлэлээр цацагдсан тул ЦЕГ-ын дарга С.Баатаржав тушаал гаргаж, ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалыг ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан хэмээн үзэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны б/36 тоот тушаалаар 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ.
Гэхдээ Ц.Ариунбатын зодооны асуудал үүгээр ч зогсохгүй. Тэрбээр БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан хаагчтайгаа архи ууж байгаад зодоон хийсэн хэмээн шийтгүүлэн албан тушаал нь өөрчлөгдөж байжээ.
Дашрамд сонирхуулахад, АТГ-ын дарга З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байх үед хурандаа Ц.Ариунбат нь ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байсан юм. Харин АТГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа энэ цаг үед нь Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдож ирж байна.
Б.Аз
URL: