Түргэн хоолны түрэмгийлэл

92138434_2632718730383584_2421187203511091200_nХалбага сэрээ зэхэж, ширээнд суун тухлалгүйгээр, явдал дундаа л идчихэж болох хоол хором, мөч бүр нь үнэ цэнтэй их хотын яаруу хэмнэлд гайхалтай зохицно. Ширээ засаж, лаа асаан, зоог бэлдэх, эсвэл найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсадтайгаа цайны ёслол хийх зав хомс хүмүүст түргэн хоол хамгийн зөв сонголт мэт санагдаж ч мэднэ. Гэхдээ…

Орчин цагийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон түргэн хоол XX зуунд л гарч ирсэн юм биш. Британийн түүхч, профессор Фелипе Фернандес-Арместогийн “Хүнсний түүх” номонд өгүүлснээр, эртний Ром, Хятад, Энэтхэгт ч одоогийн түргэн хоолны хувилбарууд байжээ. Хятадад л гэхэд зээл, гудамж, хоршооны ойролцоо тогоогоо гаргаад бин хайрч, гурилтай шөл хийж өгдөг явуулын гуанзууд өдгөө боловсронгуй болсон уу гэхээс, алга болсонгүй. Халуун ногоотой сүмс, тахианы махтай гамбирыг Энэтхэгт одоо ч идэж болно. Гэхдээ цаг хугацаа хэмнэсэн, хурдан шингэдэг атлаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орчин цагийн түргэн хоолыг тэдэнтэй зүйрлэх нь учир дутагдалтай.

ФАСТ-ФУДИЙН ЭХЛЭХ ЦЭГ БУЮУ “ЦАГААН ЦАЙЗ”

Түргэн хоолны зах зээл АНУ-д үйлдвэрлэл ид цэцэглэсэн он жилүүдээс эхтэй. Бүр тодруулбал Канзаст 1921 онд байгуулагдсан “White Castle”-аас эхтэй. Их хямралын он жилүүдэд бүгд л санхүүгийн асуудалтай байхад тэднийх хоолныхоо үнийг тогтмол хямд байлгаж ирсэн. Дэлхийн II дайн, их инфляцийн үед буюу 1940-өөд онд ч амтат гамбургерээ тэд таван центээр худалддаг байжээ. Хямд, амттай гамбургер эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг батлахын тулд компанийн захирал Билл Инграм харин заль гаргадаг байсныг тухайд үед хүмүүс мэдээгүй. Өдөр бүр цагаан халат өмссөн хэдэн залуу ирж “White Castle”-аас бургер авч иддэг байсныг үйлчлүүлэгчид эмч нар гэж боддог байв. Эмч идэж байгаа юм чинь энэ гамбургер эрүүл мэндэд хоргүй гэж худалдан авагчид итгэдэг байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ Билл Инграм тэднийг хөлслөөд, эмчийн халат өмсүүлчихдэг байсан аж.
1940-өөд оны сүүлчээр түргэн хоолны салбарын “аварга” гэгддэг “McDonald’s” төрөн гарлаа. Шарсан махны газар ажиллуулдаг Дик болон Мак МакДональдс нар гамбургер хийж эхэлснээр түргэн хоолны шинэ  эрин эхэлсэн гэхэд болно. Хутга, халбага хэрэглэлгүй идэж болох хоолыг дамжлагын системээр тодорхой жорын дагуу хийсэн нь амжилт олсон.  1954 онд тэд Рей Кроктой танилцаж, орон даяар сүлжээгээ нээхээр шулуудсан бөгөөд 1956 онд Америкт 14 салбартай болсон бол 1984 онд 8300 салбартай болов. 1961 оноос Крок корпорацийг дангаараа эзэмших болж, дэлхийн 119 орны 30000 салбарыг зангидаж байна.

ТҮРГЭН ХООЛОНД ТӨЛӨХ “ҮНЭ”

Фаст-фуд салбарын гол зарчим нь түргэн байх. Гэхдээ шил дараалан гарч ирж буй түргэн хоолны газрууд өрсөлдөөнд өөр өөрийн “зэвсэг”-ээ ашиглана. Нэг идчихэд хэсэгтээ өлсөхгүй, цатгалан мэдрэмж төрүүлэхийн тулд хоолныхоо илчлэгийг  нэмэх нь элбэг. Эрүүл мэндэд хоргүй, чанартай хоолыг богино хугацаанд, тэр тусмаа хямд төсрөөр хийх аргагүй. Тиймээс л түргэн хоол илчлэг өндөр, тос их, аминдэм багатай байдаг байх нь. Мөн ийм л шалтгаанаар түргэн хоолонд дурлагсдын арми өдөр ирэх тусам хүрээгээ тэлэхийн сацуу илүүдэл жинтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр буй.
Түргэн хоолны эх орон гэгддэг АНУ-д төдийгүй Ази, Европт ч энэ үзэгдэл газар авч буйд хэд хэдэн шалтгаан бий. Түргэн хоолны газруудын нэг удаагийн багцын илчлэг хүний хоногт авах ёстойг хангаад зогсохгүй давах нь бий. Хоёрдугаарт, түргэн хоол хэтрүүлэн хэрэглэх нь хүний цадах, өлсөх  мэдрэмжийг зохицуулдаг дааврын тэнцвэрт нөлөөлдөг. Эцэст нь, гамбургер, хот-дог, шарсан төмсийг хүйтэн, хийжүүлсэн ундаагаар даруулж идсэнээр ходоодонд орсон өөх тос царцаж, задрахгүй уддаг байна.

Түргэн хоолны улмаас хүний эрүүл мэндэд үүсдэг асуудлууд илүүдэл жингээр тогтохгүй. Яаруу сандруу идэх үед хүмүүс ихэвчлэн сайн зажилдаггүйгээс болоод ходоод түргэн хоолыг муу шингээдэг. Ходоодны үйл ажиллагаа муудсанаас шарх, үрэвсэл үүсэхээс гадна арьс салст, үсэнд ч сөрөг нөлөөтэйг эмч нар сануулдаг. Америкийн найруулагч Морган Сперлок 2004 онд нэг сарын турш “McDonald’s”-т хооллож, туршилт хийснээ “Super Size Me” нэртэй кино болгожээ. Туршилтаа эхлүүлэхийн өмнө тэрбээр эрүүл мэндийн шинжилгээ өгсөн бөгөөд сарын дараа дөрвөн кг нэмж, цусан дахь холестрины хэмжээ нь эрс өсөн, толгой нь таллаж өвддөг болсон, элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон болохыг мөн шинжилгээгээр харуулна. Кино олон нийтэд хүрсний дараа “McDonald’s” цэсэндээ ногоон навч, шош бүхий салат нэмсэн гэдэг.
Үнэндээ хямд, түргэн хоолны үнийг бид  эрүүл мэндээрээ, тодруулбал, биеийг минь хэвийн, эрүүл чийрэг байлгахын тулд зогсолтгүй ажиллаж байдаг эд эрхтэн, эсүүдээрээ төлдөг байх нь.

ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ -ТРАНС ТОС

Түргэн хоолны салбарт өргөн ашигладаг транс тосыг тойрсон дуулиан сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч буй. 1897 оны зургадугаар сард Францын химич Поль Сабатье ургамлын тосыг хатуу биет болгох үндсийг тавьсан нээлт хийсэн билээ. Гидрогенизацийн арга гэж нэрлэгдсэн энэ нээлтээрээ 1912 онд тэрбээр Нобелийн шагнал хүртсэн юм. Хожим Германы химич Вильгельм Норман ургамлын шингэн тосыг устөрөгчийн тусламжтайгаар хатуу төлөвт оруулж, зохиогчийн эрхийг нь авсан. Хямд, хүнсний хадгалалтыг удаан болгодог, өндөр хэмд дахин дахин ашиглаж болдог зэрэг давуу талтай хагас задруулагч устөрөгчсөн тосон бүтээгдэхүүнийг амьтны гаралтай өөх тосыг орлох, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэж үзэж байсан нь ч бий.
Энэ төрлийн бүтээгдэхүүн түргэн хоолны салбарт дэвшил авчирсан, цар хүрээгээ улам тэлэхэд нь нөлөөлсөн бөгөөд салбарын хамгийн том тоглогчоос эхлээд жижиг гуанз ч ашиглах болов.
Орчин үеийн судлаачдын хэлж буйгаар, транс тос нь зүрх судасны өвчин үүсэх нөхцөл бүрдүүлж, ходоодны эсийн инсулин мэдрэх мэдрэмжийг бууруулж, жингийн илүүдэлд хүргэдэг гэнэ. Мөн хөхүүл эхийн сүүний чанарт нөлөөлснөөр нярайн бодисын солилцоог ч бууруулдаг гэсэн таамаглал бий. Данийн Гентофтын их сургуулийн эмнэлгийн судлаачид АНУ болон Европын 20 гаруй орны “McDonald’s” болон KFC зэрэг түргэн хоолны 43 газарт ашиглаж буй транс тосыг судалснаа “New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлүүлжээ. Энэхүү өгүүлэлд онцолсноор, түргэн хоолны газруудад ашигладаг тосны чанар тухайн улсад мөрдөгддөг хүнсний чанарын хяналт, стандартаас ихээхэн хамаардаг аж. Тухайлбал, Дани, ОХУ, Германы салбаруудын хоолонд транс тосны агууламж бага, харин Унгар тэргүүтэй Зүүн Европын орны салбаруудад “муу тос”-ны агууламж өндөр байж. Мөн цөөнгүй салбар хоолны багцанд буй илчлэгийн хэмжээг бууруулан бичих нь олонтаа байв.

ХОРИГЛОХ УУ, ЭС ХОРИГЛОХ УУ

Оксфордын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн факультетийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар, зүрх судасны өвчлөлийн улмаас нас барж буй хүмүүсийн тоог 1.7 хувиар бууруулах боломжтой аж. Ингэхийн тулд таргалах, илүүдэл жинд нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэх гарц бий. Өөрөөр хэлбэл, хоол хүнс гэдэг зөвхөн хувь хүний хэрэг байхаа больж, иргэдийн эрүүл мэндийн төлөө төр оролцох хэмжээний асуудал болж байна.
Дөрвөн иргэний нэг нь илүүдэл жинтэй Их Британи ийм төрлийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн татварыг 17.5 хувьд барьж байна. Мөн эцэг, эхэд хүүхдийнхээ хүнс тэжээл, хоолны чанарыг хянах үүрэг хүлээлгэж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийтгэл ногдуулах санаачилга ч гарч байв. Үүнээс гадна түргэн хоолны сурталчилгааг хязгаарлах, хийжүүлсэн ундаа, поп корн, шарсан төмсний рекламанд насны хязгаар тогтоох аргыг ч хэлэлцэж буй. Бас хүүхдийн үздэг контент, кино, нэвтрүүлгээр дамжуулан амьдралын эрүүл хэмнэл, зөв, зохистой хооллолтыг сурталчлах зам бий.
Финландад цэргийн алба хаагчдад зориулан зохистой хооллолтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яамтай хамтран биед тустай, аминдэм, эрдсээр баялаг хүнс сонгох, дасгал хөдөлгөөн хийж дадуулахад чиглэсэн энэ хөтөлбөрийг Оулу хотын их сургуулийн судлаачид санаачилжээ.

Америкийн сэтгүүлч, судлаач Эрик Шлоссерын “Fast Food Nation” номд түргэн хоолны салбар нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг тоон мэдээлэл баримтад, тулгуурлан харуулсан бөгөөд түргэн хоолны салбар хүрээгээ тэлэх тусам бага цалинтай, мэргэжил, мэргэшилгүй, хямд ажиллах хүчний давхарга бий болж буйг тэрбээр онцолж байна.

Үндэсний шуудан


URL: