Аялал жуулчлал зогссоноор заанууд хоолгүйдэн үхэхэд хүрчээ

326

Халдварт цар тахлын улмаас их хэмжээний гарз хохирол амсаж буй салбаруудын нэг нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлал бараг зогссоноор Тайланд улсад мянга гаруй заанд турж үхэх аюул нүүрлэжээ.

Тайланд улсад 4,000 гаруй зааныг аялал жуулчлалд ашиглахаар гаршуулан тэжээдэг бөгөөд жуулчид бараг ирэхээ больсон тул тэднийг хооллох хэцүү болсон байна. Учир нь нэг заан өдөртөө 200 кг хүнс иддэг ажээ. Орлогогүй болсон амьтан тэжээгчид тэдгээр зааныг хэрхэн хооллохоо мэдэхгүй байна гэжээ.

Тус улсад коронавирусийн халдварын 1,651 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас бараад байна. Заан хамгаалах санг үүсгэн байгуулагч Лек Чэйлертийн хэлснээр хэрэв тэднийг дэмжих, туслах арга хэмжээ яаралтай авахгүй бол турж үхнэ гэдгийг сэрэмжлүүлжээ. Тэдгээр заануудын зарим нь хээлтэй ажээ.

Тиймээс заануудыг амьтны хүрээлэнгүүдэд зарах хэрэгтэй болсон байна. Халдварт өвчнөөс шалтгаалж эдийн засгийн хүнд нөхцөлд орсноос гадна хуурай, халуун улирал эхэлсэн тул байдал улам хэцүүднэ гэжээ. Зарим иргэд заанаа тэжээхийн тулд өдөр бүр 3-4 цагийн турш өвс ногоо хадаж, эрдэнэшишийн талбайг самнах болжээ.

Эх сурвалж: ВВС


URL: