Ерөнхийлөгчийн уриалга зүгээр нэг улстөржилт биш

302

Коронавирус гэх цар тахал дэлхийг тэр чигээр нь нөмрөөд байна. Өчигдрийн байдлаар уг өвчний тархалт дэлхийн 201 оронд тархаж халдвар авсан хүний тоо 784.3 мянга болж 37 мянга гаруй хүн нас бараад байна.

Үүнээс харахад COVID-19 тахалд нэрвэгдээгүй улс орон манай гариг дээр үлдэхгүй нь бололтой. Европын зарим орон болон АНУ-д өвчний дэгдэлт улам нэмэгдсээр байгаа юм. Дэлхийн олон оронд энэ өвчний улмаас эдийн засгийн хямрал нүүрлээд эхлэлээ гэсэн мэдээ бий.

Хөгжлийн өндөр түвшинтэй эдийн засгийн чадавхи сайтай улс орнууд хүртэл эдийн засгаа бодох уу, хүнээ аварч үлдэх үү гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байна.  Тэгвэл Монгол Улс хэдийгээр нутаг дэвсгэртээ халдвар дэгдээгээгүй  сүүлийн үед зөөвөрлөгдөж ирсэн халдвартнуудыг хяналтандаа байлгаж чадаж байгаа ч дэлхийг хамарсан түгшүүрийн дохио тун ойрхон байгаа юм. Коронавирусын эсрэг бид одоодоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч асар их мөнгө урсаж тэр хэрээр эдийн засаг цөлмөгдөж байна.  Нөхцөл байдал удаан үргэлжилбэл манай эдийн засаг даахгүйд хүрнэ гэх айдас бий.Яагаад гэхээр ДЭМБ-ын мэдээлж байгаагаар дэлхийг цочроосон “COVID-19” халдварын  намжих хугацааг 18 сараас наашгүй гэж байгаа. Гэтэл түүнээс ердөө хоёр сар илүүхэн хугацаа нь өнгөрөөд байна шүү дээ.  Энэ цаг үед улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцаа зогсонги болов.

Олон улсын судлаачид эдийн засгийн хямрал нэлээд удаан үргэлжилнэ гэж тооцож байна. Яг энэ үед Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж зургаан зүйл бүхий уриалга гаргаад байна. Үүнийг олон нийт цагаа олсон алхам боллоо гэж байгаа юм. Уг уриалгад улсын төсөвт тодотгол хийж тэвчиж болохуйц зарим зардлыг танаж үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах, ердөө хоёр сар гаруйхны дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж зарцуулагдах хөрөнгө мөнгийг хэмнэх болоод хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрч гарах үйлдвэр, аж ахуйн газар, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “хямралын эсрэг сан”-г бүрдүүлэх түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах, иргэд түүний дотор хүүхдийн амьжиргааны  түвшинг хэвээр хадгалахын зэрэгцээ ажилгүйдлийг бууруулах зэрэг арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах нь чухлыг дурдсан байна.

Цаашлаад эдгээр асуудлыг Үндэсний Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэж хямралыг хохирол багатай даван туулах арга замыг засч залруулах эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн комисс байгуулж ажиллуулах, хямралын нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэх нь дарангуйлал хийгээд айлгалт биш зайлшгүй арга хэмжээ юм гээд энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд эв нэгдэлтэй, сахилга зохион байгуулалттай, төвлөрсөн удирдлагатай байж бүх нийтээрээ хүч боломжоо дайчлан хамтран ажиллах явдал гэдгийг уриалгынхаа төгсгөлд тодорхойлж хэлсэн бий. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ уриалгыг зарим нөхөд улстөржилт гээд өвчний далимаар өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн арга гэж тайлбарлах явдал гарч байна.

Сайн талаас нь харвал болзошгүй айхавтар юм хаяанд ирлээ гэж анхааруулж байх шиг муу талаас нь бол эрүүл мэнд, эдийн засгийн асуудал дээр дахиад улс төр нэмж толгой эргүүлэх хэрэггүй юм гэж ацан дүгнэлт хийх хүн ч тааралдаж байна.Тэгвэл энэ уриалга зүгээр нэг улстөржилт бишээ. Дэмий нэг улигт үг яриа ч биш. Улс оронд нүүрлэж болзошгүй эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх, гарцаагүй байдал тохиолдсон үед бэлтгэлтэй нөөц боломжтой байж бэрхшээлийг даван туулах зөв зүйтэй арга замын эхлэл гэж ойлгогдож байна л даа.

Коронавирус дэлхийн хэмжээнд болоод манай улсын хувьд ч эдийн засгийн хямралд зайлшгүй аваачина гэдэгт эдийн засагчид санал нэгдчихэж. Үүнийг ч бодолцсон байх. Эдийн засаг бол амьд организм. Гэтэл одоохондоо царцсан төрхтэй байна. Ерөнхийлөгч бас энэ талыг анзаарсан болов уу. Тэгээд олон түмнийхээ тусын тулд үүрэг зорилгоо ухамсарласны  үр дүн энэ уриалга нь гэж болох юм.

 

Ер нь монголчууд алив юмыг солгой сожуу нүдээр харж харлуулж муулахын донтой сайн мууг ялгаж чадахаа байсан шиг. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгчийг Хятадад өвчний халдвар ид дэгдэлттэй байх үед хийсэн айлчлалыг юу гэж байлаа. Ёстой оноогүй айлчлал гэж дэмийрсэн хүн зөндөө байв.

Гэтэл уг айлчлал тун ухаалаг, монгол хүний уламжлалд зан заншилд нийцсэн онцгой явдал болсон. Дэлхий ч тэгж харсан. Монголыг монголоор нь харах нэг цонх уг айлчлал байж чадсан шүү дээ. Сая Ерөнхийлөгчийн уриалга гаргасны маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгаа дэмжих чиглэлээр зарим арга хэмжээ авахаар болжээ.

Тэр дотор дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс, зарим аж ахуйн нэгжийг албан татвараас чөлөөлөх болон хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа  хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох зэрэг шийдвэр гаргасан байна.

Мөн хүүхдийн мөнгийг тэр хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж. Энэ бүхэнд 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм гэнэ. Энэ мэдээллийг сонсоход сайхан л хэрэг.

Гэхдээ энэ шийдвэрийн талаар тоймчид, эдийн засагчид өөр өөр бодол санаатай байх шиг. Юуны өмнө тэр 5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр тун тодорхой биш гэх хүн зөндөө. Тэгвэл Сангийн сайдын хэлж байгаагаар бол Засгийн газар төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар гаргах юм гэнэ л дээ.

Гэтэл он гарсаар улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр тасраад байна. Эдийн засгийн нэг суурь үзүүлэлт ийм байхад оновчтой зохицуулалт хийнэ гэдэг хэцүү биз.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа гэж хэлэх боловч Ерөнхийлөгчийн уриалгад санал болгосон төсвийн тодотголыг хийхгүй гэж мэдэгдэв. Сангийн сайд Ц.Хүрэлбаатар ч бас төсөв тодотгохгүй гэдэг үгийг 7-8 удаа хэлсэн байгаа юм. Үүнд бас учир бий гэж зарим хүн харддаг юм байна л даа.

Тэр нь юу вэ? гэвэл тэд төсөв гардагчийн хувиар өөрсдийн аймаг, тойрогтоо тухайлбал Хэнтий, Увсад бусдаас илт ахиу хөрөнгө төсөвлөсөн байх юм. Хэрэв тодотгол хийвэл тэрнээс нь бас илүүтэй  таналт хийж таарна. Иймээс төсөв тодотгохгүй гэж гүрийдэг бололтойдог. Үнэн нь тэр байж ч мэднэ. Бусад улсыг харахад энэ цаг үед төсвөө зузаатгаж, зардлаа дахин хуваарилж шаардлагатай хэсэгт хүргэх арга хэмжээг авч байгаа шүү дээ.

Нөгөө талаар Засгийн газрын гаргасан долоон чиглэлтэй цогц шийдвэр дөрөвдүгээр сарын нэгэн буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэх боломж муухан. Яагаад гэвэл Засгийн газар уг шийдвэрийг гаргахдаа УИХ-ын эрх мэдэлд халдсан байна гэж эдийн засагчид зарим нь хэлээд байна.

Тийм ч байх талтай. Зарцуулах хөрөнгө мөнгийг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдвэр хүчин төгөлдөр болох эрх зүйн үндэстэй юм байна л даа.

 

Тэгэхлээр Засгийн газрын дээрх шийдвэрүүд нөгөө урьдын адил “гал унтраах” маягийн юм болж таарч байх шиг.  Орлого нь буурч байгаа ч  ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг өгнө гэж байгаа. Хүндээ хүрэх халамж юм даа тэр нь.

Бас хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмэх юм байна. Уг нь хүүхдийн мөнгө гэсэн ойлголт анх сонгуультай холбогдож гарч ирсэн зүйл шүү дээ. Одоо 10 мянгыг нэмнэ гэдэг ч сонгууль бодсон хэрэг болж таарах нь.

Энд нэг санаа хэлэхэд хүүхдийн мөнгө хүүхэддээ бараг очдоггүй л байхгүй юу. Ядуу болон дунд амьдралтай өрхийн өдөр тутмын амьжиргаанд  л зарцуулагддаг нь илт байдаг. Уг нь хүүхэддээ хөрөнгө оруулъя гэж байгаа бол сар бүр дусал мэтээр бэлэн мөнгө өгөх биш тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж 18 нас хүртэл нь хуримтлал бий болгох нь зөв юм. Тухайн хүүхэд 18 нас хүрээд аль нэг дээд сургуульд орлоо гэхэд нэг ч болов жилийн сургалтын төлбөрөө өөрөө төлчих боломж бий. Энэ л хүүхдийн ирээдүйд ашигтай гэсэн санаа байдаг.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн уриалгыг улстөржилт бишээр багахан  шүүлтүүртэйгээр хүлээн авах нь зөв байх.

 

Коронавирусын халдвар дэлхийн хэмжээнд намжих цаг тун  тодорхойгүй. Тиймээс энх тунх сайхан цагийг хүлээж чадах  эдийн засгийн боломжийг олж авахыг л эрмэлзэхээс биш хий дэмий улс төр ярьж сонгуулиас өөр юм бодохгүй сэтгэхгүй байх нь асар их алдаанд хүрч болохыг Ерөнхийлөгч сануулж байна шүү дээ. Цар тахал цаашид яаж тархахыг тааварлашгүй. Иймээс улсын төсвийн бүсийг чангалж “хэмнэж” болох бүхнийг хийх нь эдийн засгаа аврах, хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах үндсийн үндэс мөн билээ.

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: