Дахин нэг иргэн гал тэргэнд дайруулж амь насаа алджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд 230-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага ирж, ослын улмаас 4 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амиа алджээ.
Өчигдөр 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум Төмөр замын 477-р километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь насаараа хохирчээ. Өмнө нь буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт мөн 50 настай иргэн галт тэргэнд дайруулж, амиа алдсан хэрэг гарч байв.
Зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 8.6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан бол хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд нийт хөдөлгөөнд оролцогчдыг орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
URL: